ДАРХАН-УУЛ: Ерөнхийлөгчийн тэтгэлэгт гурван төгсөгч хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2023-08-31 14:47:18

Дархан /МОНЦАМЭ/. Монгол Улсын 330 сум, нийслэлийн сургуулиудаас нэг шилдэг төгсөгчийг шалгаруулж, дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуульд суралцуулах “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 2023 оны бэлтгэл хөтөлбөрийн эзэд тодорлоо.


Өнгөрсөн жил дөрвөн хүүхэд уг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан бол энэ жил Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирээдүй ” цогцолборын төгсөгч Ууганбаярын Буд, Хонгор сумын 11 дүгээр сургуулийн төгсөгч Энхбатын Солонго, Шарын гол сумын хоёрдугаар сургуулийн төгсөгч Солдатханы Айдос нар хамрагдахаар болжээ. 


Боловсролын үнэлгээний төв болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээллийн санг ашиглан хүний оролцоогүйгээр журмын шалгуурыг шалган, болзол хангасан сум, хороо бүрийн шилдэг төгсөгчдийн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төв гаргадаг аж. Шилдэг төгсөгчдийн жагсаалтыг нийслэлийн Боловсролын газар болон аймгуудын Боловсрол, шинжлэх ухааны газраар баталгаажуулан, нийт 310 хүүхдийн нэрийг зарласан ажээ.


“Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгох журам”-д 2022 онд өөрчлөлт орсон байна. Шинэчилсэн журамд зааснаар харьяалагдах сум, хорооныхоо хамран сургах тойргийн сургуульд сүүлийн гурваас багагүй жил суралцан төгссөн, “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 550, түүнээс дээш оноо авч, онооны дунджаар сум, хороондоо тэргүүлсэн бол болзол хангадаг аж.


Болзол хангасан суралцагч төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийнэ. Мөн харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сургаж бэлтгэх юм.


Бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн суралцагчид бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, болзол хангасан байдлаас хамааран аль улсын ямар их сургуульд сурах нь шийдэгддэг ажээ.

関連ニュース