Саманта Пауэр ОХУ-ыг буруушаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
adiyakhuu@montsame.mn
2016-09-18 12:47:54

НЬЮ-ЙОРК./VOA/. НҮБ-д суугаа АНУ-ын байнгын төлөөлөгч Саманта Пауэр мэдэгдэл хийж, Америкийн нисэх онгоцууд Сирийн армийн байрлалд андууран цохилт өгч, олон арван цэргийг хөнөөсөнтэй холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлан хуралдуулах санал гаргасан ОХУ-д дургүйцлээ илэрхийллээ.  

“Оросын энэ уриалга бол “байнга гарч буй харгис хэрцгий хэргүүдээс олон нийтийн анхаарлыг өөр зүгт чиглүүлэх гэсэн башир арга мөн” гэж тэрбээр хэлжээ.  

Агаарын дайралт хийсэн талаарх баримт мэдээллүүдийг Америкийн тал цуглуулж байгаа бөгөөд АНУ тэргүүтэй эвслийн цэргийн хүчний нисэх онгоцууд “Лалын улс” бүлэглэлийн байрлалтай андууран Сирийн цэргийн байрлалд цохилт өгсөн гэдгийг Саманта Пауэр хэлээд “гал зогсоох тохиролцоог зөрчих санаа зорилго бидэнд байхгүй” гэж мэдэгдлээ.   

Тэрбээр цааш нь хэлэхдээ “эмнэлэг сургуулиудыг бөмбөгдөх, хотуудыг бүслэх, энгийн иргэдийн эсрэг химийн зэвсэг хэрэглэх зэргээр Сирийн засгийн газрын армийн удаа дараа үйлдэж буй харгис хэрцгий хэргүүд гарах үед Москвагийн зүгээс Аюулгүйн Зөвлөлийг хуралдуулахыг хэзээ ч уриалж байгаагүй” гэсэн байна.

Б.Адъяахүү   

関連ニュース