СҮХБААТАР: Долоон сум газрын даамалгүй
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөдөө орон нутагт төрийн
албанд ажиллах иргэд тэр дундаа залуучуудын сонирхол буурч байгааг орон нутгийн
удирдлагууд хэлж байна. Тус аймгийн хэмжээнд нэн дутагдалтай байгаа мэргэжилтэн
бол газрын даамал. Одоогоор 13 сумаас долоо нь газрын даамалгүй байна.
Тодруулбал, Сүхбаатар аймгийн хамгийн том сум болох Эрдэнэцагаан сум хоёр жил газрын даамалгүй байна. Иргэд өмчлөлийн газраа авч чадахгүй байх, хадлангийн зөвшөөрөл, бэлчээр нутгийн маргаан үүсэх, уул уурхайн компани иргэд хоорондын зөрчил гээд асуудал их гардаг гэдгийг хэлж байна. Мөн олон улсын Бичигт боомтод байнгын газрын маргаан үүсдэг байна.
Газрын
харилцааны асуудал маш өргөн хүрээг хамардаг. Даамалгүйн улмаас
орон нутагт хүндрэл бэрхшээл гардаг аж. Аймгийн
ГХБХБГ-ын мэргэжилтнүүд эдгээр сумдаа давхар хариуцан ажиллаж байна. Хэдийгээр
газрын харилцааны ихэнх үйлчилгээ цахимд шилсэн ч орон нутгийн иргэд цахимаар
хандах, түүнийг ашиглах нь хомс байдаг. Ажлын
байрны сонгон шалгаруулалтыг зарладаг ч мэргэжлийн боловсон хүчин байдаггүй, ирсэн нэг нь шаардлага хангадаггүй гэдгийг ГХБХБГ-ын Газрын удирдлагын хэлтсийн дарга Г.Энхжин хэллээ.