ӨМНӨГОВЬ: Эрүүл мэндийн салбарт шаардлагатай хөрөнгө оруулалтуудыг хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2023-10-07 20:45:33

Даланзадгад, 2023 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Говийн бүсийн харшлын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг Даланзадгад хотноо амжилттай зохион байгууллаа.

.

Тус сургалтыг 2023 оны аравдугаар сарын 6-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн 18 байгууллагын эмч, сувилагч нар танхимаар хамрагдсан бол Дорноговь, Дундговь аймгийн эмч, мэргэжилтнүүд цахимаар оролцлоо.


Үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа харшлын эсрэг дэд хөтөлбөрийн хүрээнд Өмнөговь аймаг 2023 онд харшлын кабинетыг орон нутгийн төсвийн 20 сая төгрөгийн шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн хангажээ.

 

Мөн иргэдийг жил бүр үнэ төлбөргүй харшил, чих хамар хоолой, нүдний нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулж, анх удаагаа 2022 онд арьс бигнэх сорилыг орон нутагтаа шинээр нэвтрүүлсэн ба орон нутгийн төсвийн 58 сая төгрөгөөр чих, хамар хоолойн иж бүрэн тоног төхөөрөмж, 2023 онд 40,6 сая төгрөгөөр нүдний оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмжүүдийг шийдвэрлэн дээрх кабинетуудад хүлээлгэн өгчээ.

Цаашид хүн амын дунд тулгамдсан асуудал болох харшлын өвчлөлийг бууруулах зорилгоор үе шаттай ажлуудыг зохион байгуулж байгаа бөгөөд харшлын эмч, мэргэжилтэн, хүний нөөцийг чадваржуулах сургалтыг энэ удаа Арьс, өвчин судлалын үндэсний төв, АШУҮИС-тай хамтран ийнхүү зохион байгууллаа.

 

Сургалтад анагаах ухааны доктор С.Байгалмаа, П.Минжбадрах, Анагаах ухааны магистр, клиникийн профессор, зөвлөх зэргийн их эмч Б.Батцэцэг, Биологийн ухааны магистр Х.Эрдэнэтуяа, тэргүүлэх зэргийн сувилагч Г.Цогзол нар хүрэлцэн ирж хичээл, семнарыг мэргэжилтнүүдэд хүргэлээ.  

関連ニュース