СЭЛЭНГЭ: ЕБС-ийн сурагчдын дундах лигийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-09 10:47:31

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн сурагчдын дундах лигийн аварга шалгаруулах 2023 сагсан бөмбөгийн тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд аймгийн төв Сүхбаатар болон Мандал суманд эхэллээ.

 

Энэхүү лигийн тэмцээн нь УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нэрэмжит болж буйгаараа онцлогтой.

 

Тэрбээр боловсрол, мэдлэг монголын баялаг хэмээн чуулганы танхимд ч хөдөө орон нутагт ажиллахдаа ч байнга хэлж ярьж, салбартаа бодит өөрчлөлт авчрахыг зорьж яваа юм.

 

Энэ ч утгаараа хүүхэд, залуусын мэдлэг, боловсрол дан ганц сурлагаас гадна эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн хүмүүжил төлөвшлөөс хамаарна хэмээн үзэж, багийн спортын нэг төрөл болсон сагсан бөмбөгийн спортыг аймагтаа мэргэжлийн түвшинд хүргэж хөгжүүлэх зорилт тавьжээ.

 

Дээрх тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байхаар ийнхүү эхний гараагаа эхлээд байна.

 

Энэхүү сурагчдын дундах сагсан бөмбөгийн лигийн аварга шалгаруулах Сүхбаатар бүсийн тэмцээн энэ сарын 7-ны өдөр аймгийн Биеийн тамир спортын газарт эхэллээ. Тэмцээний нээлтэд УИХ-ын гишүүн Ч.Ундрам, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, сургуулийн удирдлага, баг тамирчид оролцов.  


Энэ удаагийн тэмцээнд Сүхбаатар, Мандал бүсийн нийт 13 багийн 195 тамирчин, 30 шахам багш, дасгалжуулагчид бэлтгэл сургуулиа ханган оролцож байна.

 

Тоглолт хуваарийн дагуу 12 дугаар сарын 18 хүртэл амралтын өдрөөр мөн сурагчдын 1-р улирлын амралтаар үргэлжлэн явагдах аж.

 

Оролцож буй багууд тойргоор хоорондоо хоёр удаа хуваарийн дагуу тоглох юм. Тойргийн тоглолтын дараа флэй офф (Playoff)-ийн тоглолт 2023.12.25-31-ний өдрүүдэд үргэлжилж, “Аварга”-ын тоглолт 2024 оны 7 дугаар сард болох ажээ.

 

Мөн тэмцээнийг сонирхолтой өрсөлдөөнтэй болгох зорилгоор “Бүх оддын тоглолт” зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэ нь Сүхбаатар, Мандал бүсийн багаас шалгарсан нэг нэг шилдэг тамирчдаар баг бүрдүүлж хоорондоо өрсөлдөж тоглох юм. Мөн энэ үеэр 3 онооны шидэлтийн тэмцээнийг зохион байгуулах аж.

 

Дээрх тэмцээний шагналын сан I байр 3 сая төгрөг, медаль, өргөмжлөл, аваргын малгай, II байр 2.5 сая төгрөг, медаль, өргөмжлөл, III байр 1.5 сая төгрөг, медаль, өргөмжлөл, тусгай байр 200 мянган төгрөг, өргөмжлөл.

 

Мандал бүсийн тэмцээн өчигдөр Мандал сумын төвд эхэллээ. 

関連ニュース