СЭЛЭНГЭ: Хүүхдүүд хог хаягдлыг ашиглаж, дулаан орон сууц барьж болох санаагаа бүтээл болгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2023-10-18 11:39:03

Сүхбаатар, 2023 оны аравдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Орон нутагт байгаа хог хаягдлыг хэрхэн ашиглаж, иргэд дулаан орон сууц барьж болох боломжийг бодож олсон санаагаа ажил болгож чадсан хүүхдүүд урамтай байлаа.

 

Тэд бол Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 2 дугаар сургуулийн 11-р ангийг төлөөлөн ирж оролцсон 11б ангийн Б.Тэмүүлэн ахлагчтай, Х.Саруул-Ирээдүй, С.Бат-Эрдэнэ, Б.Батсайхан нар юм.

 

Энэ сарын 14-ний өдөр УИХ-ын гишүүн Ч.Ундрамын дэмжлэгтэйгээр Сэлэнгэ аймагт анх удаа зохион байгуулсан “Super science Selenge-2023” шинжлэх ухааны бүтээлийн уралдаанд дээрх хүүхдүүд “Deco хавтангаараа 11-р ангийн төрөлд тэргүүн байрыг эзэлсэн байна.

 

Ингээд багийн ахлагч 11б ангийн Б.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Тэрбээр, ”Бид нэг баг болж, олон хоногийн турш олон санааг уралдуулан байж энэ санаагаа олсон. Бид хамгийн элбэг байдаг хог хаягдлыг оролцуулаад хэрхэн яаж, дулаан байлгах талаар нэлээд бодсон. Тэгээд бид Зүүнхараа хотын “Спирт бал бурам” ХХК дээр очсон. Тэнд нүүрсний үнс их байдаг. Нүүрс шатаад үлдэгдэл нь үнс болон гардаг. Үнсийг тээрэмдэхэд нарийн ширхэгтэй шаланг гэж гардаг. Манай Мандал сумын айлуудын 99 хувь нь энэ шалангаар байшин барилгынхаа дулаан алдалтыг багасгадаг. Үүнээс жишээ авч бид энэ санааг аваад ажилласан.  

Мөн үртэс, зоргодос, цемент, элс мэтийг оролцуулж дулаан алдалтыг багасгадаг Deco гэдэг хавтан хийсэн. Яагаад ингэж нэрлэсэн бэ гэхээр манай дизайны багш Д.Даваадорж багш бидэнд маш их тус болсон. Тэр багшийнхаа нэрийн эхний үсгийг аваад D+eco гэж нэрлэсэн” хэмээн ярилаа.

 

-Танай баг уралдаанд бэлдэж байх хугацаандаа хэчнээн хавтан үйлдвэрлэв. Сонгож олсон санаагаа ажил болгож чадлаа, уралдаандаа түрүүллээ. Энэ хавтангийнхаа үр ашгийн талаар тодруулж өгнө үү?

-Энэ дулаалгын хавтанг цаашдаа олноор үржүүлээд үйлдвэрлээд явах юм бол нутаг гэхгүй, Монгол даяар хямд төсөр дулаан орон сууцтай болох боломжтой.

Энэ дулаалгын хавтанг хэрэглэхэд маш хялбар. Жишээ нь 6х8х2.4 хэмжээтэй, 3 цонх, 1 хаалгатай байшингийн хана босгоход тэнд нийт 708 ширхэг блокийн хавтан орно. Түүний оронд манай Deco хавтан 21 ширхэг ордог онцлогтой. Хавтангийн хэмжээ бол өргөн нь 1.2 м, урт нь 2.4 м хэмжээтэй.   

 

Мөн палк 112 ширхэг орно гээд бодоход бидний хийсэн хавтан палкаас 2520000 төгрөг, хөөсөн блокийн байшингаас 3420000 төгрөг хэмнэж байгаа.

 

Багийн гишүүн С.Бат-Эрдэнэ, “Тэмцээнд ороход гоё байдаг юм байна. Өөрөө бэлдээд, өөрийнхөө хүч хөдөлмөрөөр орж шагнал авсан болохоор маш урамтай байна. Ахиад ийм тэмцээн болбол ормоор санагдаж байна. Бид бүтээлээ хямд төсөр өртгөөр дулаан барилга барих санаагаар хийсэн.

 

Багийн гишүүн Б.Батсайхан, “Бид 7-10 хоногт бүтээлээ хийсэн. Сэтгэл маш их өндөр байна. Түрүүлсэн амжилттай оролцсон. Бусад найзуудадаа амжилт хүсье.

 

Багийн гишүүн Х.Саруул-Ирээдүй: “Сэтгэл маш өндөр байна. Хог хаягдал ашиглан эко хавтан хийх шинэ санааг бидэнд өгсөн багшдаа маш их баярлалаа. Биднийг гардан удирдсан технологийн багш Д.Даваадорж, чиглүүлсэн багш бол Ш.Наранцацрал нар байсан.

 

-Та бүхэнд баярлалаа. Амжилт хүсье.




関連ニュース