СЭЛЭНГЭ: "Мэргэжил сонголт" үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 17
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн
ЗДТГ-аас ахлах ангийн суралцагчдад ажил мэргэжлийн чиг баримжаа олгоход дэмжлэг
үзүүлэхээр "Мэргэжил сонголт" үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж
байна.
Ахлах ангийн сурагчдад өөрийн сонирхсон болон зах зээлийн эрэлтэд
нийцсэн мэргэжлийг сонгох боломжийг бүрдүүлэх, мэдлэг чадвартай, бүтээлч
иргэдийг төлөвшүүлэх зорилгоор дээрх үйл ажиллагааг явуулж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд “Миний мэргэжил-миний ирээдүй”
уулзалт, сургалт, “Миний сонгосон мэргэжил” эсээ бичлэг, гар зургийн уралдаан зэрэг олон ажлыг зохион
байгуулж байна.
Түүнчлэн ЕБ-ын ахлах ангийн суралцагч, Политехник коллежийн оюутнуудыг салбар бүрийн онцлогтой
танилцуулах, ажил мэргэжлийн дадлага, туршлага олгох зорилгоор “Мэргэжил бүхэн сайхан” танилцах өдөрлөгийг
шат дараатайгаар
явуулж байна.
Энэ удаа "Мэргэжил сонголт" үйл ажиллагааны хүрээнд Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын
3 дугаар сургуулийн ахлах ангийн сурагчид Сэлэнгэ аймгийн Шүүхийн тамгын газрын
үйл ажиллагаатай танилцлаа.
С.Зулаа: Би 12-р ангид сурдаг.
Сая шүүх хуралд ороод гарч ирлээ. Ийм зүйлийг кинон дээрээс л харж үзэж
байснаас ингэж биеэрээ орж харж байсангүй.
Хөндлөнгөөс харахад сонин санагдлаа. Төгсөх ангийн хүүхдүүд бидэнд мэргэжил сонголт маш чухал. Сая хуульч, шүүгч гэсэн мэргэжилтэй танилцлаа.
Би өөрөө сэтгэл зүйч болохоор сонголтоо хийсэн.
Б.Мөнхзориг: Шүүх хуралдаан хэрхэн
болдгийг сая орж харлаа. Шүүгч алхаа цохих үед их сандарсан. Шүүх
хурал шударга үнэн, ил тод явагддаг юм байна.
Иймээс шүүхийн өмнө зугтах ямар ч аргагүй байдаг юм байна гэдгийг харлаа.
Шүүгч бас гоё мэргэжил юм байна гэж бодож суулаа хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
Харин аймгийн Зооноз өвчин судлалын төвийн үйл ажиллагааг очиж сонирхсон хүүхдүүдэд тус байгууллагын зүгээс сургалтын хөтөлбөрийг байгууллагын онцлог, ажлын өвөрмөц байдлыг харуулсан мэдлэг олгохоор боловсруулсан байлаа.
Тухайлбал байгууллагатай танилцах, лабораторийн үйл
ажиллагааг сонирхох, тахлын үед ажиллах хувцсыг өмсөж, тайлах онол, дадлага
хосолсон хэлбэрээр хүүхдийн сонирхлыг татах маягаар хийжээ.
Мөн сурагчдад эрүүл мэндийн салбарын ажил тэр дундаа зоонозын байгууллагын мэргэжлийн онцлог, ажиллах орчны талаар мэдээлэл өглөө.
Ulaanbaatar