Увсын залуусын намрын чуулга уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСМонгол Улсад залуучуудын байгууллага үүссэний 95 жил, Монголын Залуучуудын Холбооны 25 жил, Маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ой болон Увс аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах санал авах “Увсын залуусын намрын чуулга уулзалт” Улаангом хотноо өчигдөр боллоо.
Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын Маршал Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөснөөр энэхүү үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд үргэлжлүүлэн Спортын ордонд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа. Шийдвэр гаргах түвшинд залуучуудын оролцоо бага байна, их дээд сургууль төгсөгчдөд ажлын байр хомс байдаг, үүнээс болоод ихэнх залуучууд ажилгүй байна гэсэн асуудлыг энэ үеэр залуучууд хөндөн тавьж байлаа. Тус уулзалтад 250 орчим залуус оролцон санал бодлоо солилцож, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгах саналаа тодорхойлсон юм.
Аймгийн ЗДТГ, МЗХ-ны салбар Увс аймгийн Залуучуудын Холбооноос хамтран зохион байгуулсан энэхүү арга хэмжээний үеэр салбар салбартаа тэргүүлж яваа тэргүүний залуусыг МЗХ-ны шагналуудаар шагнаж урамшууллаа.
Увс аймаг Б.Батхүү