Сүхбаатар аймгийн оюутнууд чуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-09-21 10:31:48

Сүхбаатар аймгийн Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбоо /НАМОХ /-ны ээлжит хоёрдугаар чуулган Улаанбаатар хотноо зохион байгуулагдана. Чуулганаар НАМОХ-ны дарга болоод тэргүүлэгчдийг нийт оролцогчдын олонхын саналаар сонгож батламжлах юм. Мөн Сүхбаатар  аймгийн 13 сум тус бүрээс тэргүүлэгч сонгоно.

Зөвхөн Улаанбаатар хотод гэхэд Сүхбаатар аймгийн 800 гаруй оюутан суралцаж байгаа гэсэн судалгаа байдаг. Мөн оюутан биш ч тэнд ажиллаж амьдардаг олон залуус бий. НАМОХ хуралдаж шинэ бүтэц бүрэлдэхүүнтэй болсноор дээрх 800 гаруй оюутан, цаашлаад Сүхбаатар аймгийн гэх тодотголтой олон олон хүүхдүүдийн хоорондын холбоо харилцааг сайжруулах, эвлэлдэн нэгдэх, нийгмийн идэвхийг дээшлүүлэх, улмаар хамтдаа нутаг орныхоо төлөө ихийг хийж бүтээх боломжийг нь бүрдүүлж өгөх юм. Нөгөө талаараа НАМОХ-д нийт оюутнуудаа төлөөлөн сонгогдсон дарга тэргүүлэгчид нь бусдынхаа эрх ашгийг хамгаалж, оюутан залуучуудын гаргасан санал санаачлагыг дэмжиж холбогдох газар, албан тушаалтнуудад хүргэх гүүр, дуу хоолой нь болох учиртай. Тэр ч утгаараа өөрсдийг нь нэгтгэх байгууллага шинэчлэгдэн дахин байгуулагдах гэж байгаад оюутан залуучуудын баяртай байгаа юм.

Чуулган 9 сарын 24-нд буюу ирэх Бямба гарагт Тусгаар тогтнолын ордонд болно.

Сүхбаатар аймгийн НАМОХ-ны тэргүүнээр Я.Цэрэндулам ажиллаж байсан бөгөөд тэрээр 2012 онд албан ёсоор тамга тэмдэгээ гардан авч байжээ.

Т. Одончимэг

関連ニュース