ӨМНӨГОВЬ: Орон нутгийн төсвөөр хавдрын хими эмчилгээний тасгийн үйл ажиллагааг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад,
2023 оны
арваннэгдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. "Эрүүл Өмнөговь"
хөтөлбөрийн хүрээнд орон
нутагтаа 2023 оны
арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс хавдрын хими эмчилгээг хийж эхэллээ.
Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Өмнөговь аймгийн ИТХ, ЗДТГ-ын санаачилгаар 59 сая төгрөгөөр хими эмчилгээний тасгийг бүрэн засварлаж, 73,8 сая төгрөгөөр тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ.
Өмнөговь аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд хавдрын өвчнөөр 590 хүн оношлогдсоноос 2023 онд 124 хүнд хавдар оношлогджээ. Харин үүнээс хими эмчилгээ хийлгэж байгаа 40 хүн байна. Эмчилгээ хийлгэж байгаа иргэд сард нэг удаа Улаанбаатар хот явдаг байсан бол ийнхүү хавдрын хими эмчилгээний тасагтай болсноор орон нутагтаа эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй авах боломжтой болж байна.
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ц.Дэнээдорж:
-Өмнөговь аймагт анх удаа хавдрын хими эмчилгээний тасгийг орон нутгийнхаа хөрөнгө оруулалтаар тохижуулан шаардлагатай тоног төхөөрөмжөөр ханган үйл ажиллагааг нь эхлүүллээ.
Нутгийн хишиг хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн хөрөнгө
оруулалтаар нэг эмч, хоёр сувилагч, эм зүйчийг ХӨСҮТ-д богино болон урт хугацааны сургалтад хамруулан мэргэшил дээшлүүлэн сургаж туршлага судлуулсан. Иргэд
хэдий эрүүл мэндийн даатгалаараа Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгэдэг
байсан ч замын зардлаас эхлээд бусад олон зардал иргэдэд санхүүгийн хүндрэлийг
үүсгэдэг байсан. Харин энэхүү хими эмчилгээний тасгийг орон нутагтаа нээснээр
иргэдэд хүндрэлгүй болж байгаа юм. Бид 2023 оны хавдрын химийн эмчилгээнд хэрэглэх эм, тарианы нөөцийг бүрэн хангасан байгаа гэв.