ДУНДГОВЬ: Г.Мөнхтуяа: "Энэ хүүхэд ямар хүн болох нь багш танаас л шалтгаална" гэж би багш нартаа зөвлөдөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2023-12-14 12:22:33
altantogos

Мандалговь, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Бага насны хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үйлсийн төлөө нэгэн сэтгэлээр баг болон ажиллаж, эцэг эхчүүдийн талархлыг хүлээж яваа нэгэн хамт олны ажил, үйлс, амжилтыг танилцуулахаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Мөнхтуяатай ярилцлаа. Энэ бол Дундговь аймгийн Сайнцагаан сумын Улсын тэргүүний III цэцэрлэг юм. Тус цэцэрлэг энэ жил 7 бүлэгт 275 хүүхэд хүлээн авч, хүмүүжүүлж байна.


-Дундговь аймаг 2023 оныг “Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих жил” болгон зарлаж, энэ чиглэлээр олон үйл ажиллагааг зохион байгууллаа. Танай байгууллагын хувьд энэ жил ямар зорилт дэвшүүлж, ямар үр дүнд хүрсэн бэ?


-Аймаг боловсролын чанар хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр зорилт дэвшүүлсэн нь үнэхээр үр дүнтэй байлаа. Энэ зорилтын хүрээнд олон үйл ажиллагааг төлөвлөж, төсөв, зардлыг давхар шийдсэн учраас үр дүн сайн байсан гэж бодож байна.


Манай цэцэрлэгийн хувьд тус зорилтын хүрээнд багш нараа хөгжүүлэх талаар анхаарч ажиллалаа. Тухайлбал, багш бүр ажлын байран дээрээ тасралтгүй хөгжих, хөгжсөн багш оновчтой хувилбар арга зүйгээр хүүхэд бүртээ хүрч  ажиллах, арга зүйн болон дидактикийн цахим хэрэглэгдэхүүнийг хялбар байдлаар бэлтгэх, сургалт үйл ажиллагааны чанарыг эцэг эх асран хамгаалагчдад ил тод нээлттэй харуулах, бусад багш нараа манлайлж туршлагаа хуваалцаж зөвлөн тусалж хамтран ажиллах гээд олон үр дүнтэй ажлуудыг хэрэгжүүлж чадлаа.


Ялангуяа тэгш хамруулах боловсролын талаарх мэдлэг ойлголт, соёлыг түгээхэд орон нутагтаа их хувь нэмэр оруулсан гэж бодож байна.


-Тухайлбал, үр дүнтэй болж хэрэгжүүлсэн зарим үйл ажиллагаа болон амжилтаасаа танилцуулах уу?


-“Боловсролын чанар, хүртээмжийг дэмжих” аймгийн зорилтын хүрээнд “Сайн багш-сайн цэцэрлэг” аяныг зарлаж, үр дүнгээ дүгнэхэд манай цэцэрлэг аймгийн 22 цэцэрлэгээс хоёрдугаар байрт шалгарлаа. Энэ аян буюу уралдаан бол маш олон, нарийн шалгууртай, 3 цэцэрлэг, бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг тус бүрээс гурав, гурван багшийг шалгаруулах удирдамжтай байсан.


Бид хамт олноороо хоёрдугаар байр эзэлж, бэлтгэл бүлгийн багш нараас манай багш Б.Бямбаа тэргүүн байр, ахлах бүлгийн багш нараас Б.Сүнжидмаа багш тэргүүн байр, дунд бүлгийн багш нараас Н.Амарсанаа багш маань гуравдугаар байр эзэлсэн амжилттай байлаа.


Улсын хэмжээнд боловсролын шинэчлэлийн хүрээнд багш нар болон боловсролын байгууллагыг гүйцэтгэл үр дүнгээр шалгаруулдаг болоод хоёр жил болж байна. Энэ хугацаанд манай багш нар болон байгууллага маань амжилтаа бататгаж индексийн  2 дугаар шатлалд үнэлэгдсэн амжилттай байна.


Ингэснээр гүйцэтгэл үр дүнгийн урамшуулалд хамрагдаж, жил бүр 22,0 сая төгрөгийн урамшуулал авч, бүх багш ажилчид болон байгууллагын менежментийг сайжруулахад тус санхүүжилтийг зарцуулжээ.


-Танай цэцэрлэг хэдэн онд байгуулагдаж, одоо ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ, түүх хуучлаач?  


-Цэцэрлэг маань 1985 онд “Ясли цэцэрлэгийн комибнат” нэртэй анх ашиглалтанд орж байсан. Аймгийн хамгийн том цэцэрлэгүүдийн нэг. Тэр үед өлгийтэй хүүхдийн ангитай, анги дүүрэн манежтай, цэцэрлэгийн гадуур хулдаасан бүхээгтэй хүүхдийн тэрэг жагсаатай байдаг байсан гэдэг юм.



Манай цэцэрлэг 7 бүлэгтэй. Ер нь бол 160 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, гэхдээ бид дандаа энэ тооноос илүү хүүхэд хүлээн авдаг. Энэ жил гэхэд 275 хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн ажлаа явуулж байгаа. Манах 29 багш, ажилтантай.

Би 1997 оноос эхлэн Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад багш, арга зүйч, эрхлэгчээр 27 жил ажиллаж байна. 1997 онд энэ цэцэрлэгтээ анх багшаар орж ажиллаад одоо 26 жил болж байгаа юм байна.


Цэцэрлэг маань үеийн үед чадвартай, сэтгэлтэй, ажилдаа чин сэтгэлээс ханддаг багш, ажилчдын хүчээр үйл ажиллагаагаараа аймаг, улсдаа манлайлан тэргүүлж ирснээр 2014-2015 оны хичээлийн жилд “Улсын тэргүүний” цэцэрлэг болсон. Энэ бол байгууллагын үйл ажиллагааны чанарыг шалгадаг асар өндөр шалгууртай цол шагнал, хүүхэд, багш, ажилчид бүгдээрээ л хичээж, шалгуурыг хангасан даа.


-Мэдээж энэ бүх амжилтын цаана бүтээлч, эвсэг баг хамт олон байгаа. Хамт олноороо бахархаж явдаг тань таны ярианаас тодорхой байна. Удирдлагын хувьд ч баг хамт олныг бүрдүүлэх амаргүй байж таарна. Энэ талаар сэтгэгдлээ хуваалцана уу?


-Тийм шүү, байгууллага гэдэг маань баг хамт олон юм. Би хамт олноороо маш их бахархдаг. Тиймээс ч баг бүрдүүлэх, хүнээ хөгжүүлэх тал дээр анхаарч ажилладаг. Ерөөс байгууллагын амжилт бол хүнээ хөгжүүлэх, хүний нөөцөө дэмжих байдаг. Манай байгууллагаас үйлчилгээний болон туслах ажилтнаар орсон багш ажилчид тогтмол мэргэжил дээрээ өсч, суралцан, ур чадвараа сайжруулснаар дэвшин ажиллах, мэргэжилтэй болох зэргээр хүн бүрт ахуй амьдрал, ажлын туршлагын хувьд ахиц гарч байдгаараа онцлог.


Удирдлагын хувьд тэднийхээ хөгжилд ихээхэн анхаардаг даа. Тэднийг зөвхөн ажилдаа эзэн болдог байхаас илүүтэй сэтгэлээсээ ажиллах, ололт амжилт, алдаа оноо бүрээ дүгнэж цэгнэх боломжийг олгосон хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулан ажилладаг. Энэ нь тэдний сэтгэлд хүрсэн, хүн бүр өөр лүүгээ өнгийж таних, өөрчлөгдөх, хөгжих боломжийг олгодог учраас тэд маань сургалтаа хүлээдэг, “та бид нарт нөгөө сургалтаа хийж өгөөч” гэж ханддаг болсон байна.  



Байгууллага амжилттай ажиллахад дан ганц удирдлагаас шалтгаална гэж би боддоггүй, санал санаачлага өрнүүлсэн идэвх зүтгэлтэй ажилтнууд л өөрсдөө байгууллагаа хөгжүүлж чаддаг, удирдлага бол зөвхөн тэдний хэрэгцээг олж хардаг, дэмждэг, нөөцийг бүрдүүлдэг тийм л байх ёстой гэж бодож, хичээж ажилладаг даа. Манай хамт олон үнэхээр идэвх зүтгэлтэй, сэтгэлтэй, сайн хамт олон гэж бахархаж явдаг юм.


-Танай цэцэрлэг дээр “Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь” төсөл хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд ямар үйл ажиллагааг зохион байгуулж, ямар үр дүнд хүрсэн бэ?


-“Тэгш хамруулах боловсролыг дэмжих нь” төсөл Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг, Дорнод Дархан Дундговь аймагт хэрэгжсэн. Манай аймгийн хувьд Сайнцагаан сумын Говийн ирээдүй цогцолбор сургууль болон манай цэцэрлэг сонгогдон хэрэгжиж, үндсэндээ үйл ажиллагаа дуусч, үр дүнгээ хэлэлцэж байна.


Тус төслийн хүрээнд багш ажилчид  чадавхжиж, олон нийт рүү чиглэсэн олон ажлуудыг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах шинэ санаа, туршлага хуримтлуулж, бидний хийсэн, хэрэгжүүлсэн ажлууд маань улсын хэмжээнд жишиг болж байна. Манай багш Б.Сүнжидмаа Үндэсний сургагч багшаар бэлтгэгдэж, сургалт үйл ажиллагаагаа түгээн дэлгэрүүлэх чиглэлээр ажиллаж байгаа.


Мөн тэгш хамруулах боловсролын чиглэлээр гарсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, цэцэрлэг сургууль бүр дээр “Дэмжлэгийн баг “ажилуулах, ХБХ-тэй бүлгийн багш нар ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэх зэрэг ажлуудыг бусад сургууль цэцэрлэгүүдэд хэрэгжүүлэхэд зөвлөхөөр ажиллаж байна.


Энхүү төслийн хүрээнд манай цэцэрлэгт 38,0 сая төгрөгийн дэд бүтэц сайжруулах ажил хийгдэж, 131,0 сая төгрөгийн санхүүжилтээр “Хүүхэд хөгжлийн төв” байгуулсан.


Төслийн хүрээнд хэрэгжүүлсэн ажил, туршлагаа хуваалцахаар Боловсролын Ерөнхий газар, Жайка ОУБ-аас зохион байгуулсан “Тэгш хамруулах боловсрол-зөв хандлага 2023” илтгэлийн уралдаанд миний бэлтгэсэн илтгэл шалгарсан.


-Байгууллагынхаа хамт олонд хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулдаг гэлээ. Энэ сургалтын хэрэгцээ ер нь байдаг. Тиймээс бусад байгууллагуудад болон хувь хүмүүст сургалт хийдэг үү?


-Миний хувьд МУБИС-ийг багш арга зүйч мэргэжлээр төгсөж, сүүлд дахин сурч, Боловсролын удирдлагын магистр болсон. Хүн төгссөн мэргэжлээс гадна амьдралаас, ажлаасаа маш их зүйлийг сурч, ойлгож, мэдэж авдаг гэж боддог.

Сүүлийн жилүүдэд байгууллага, хамт олны захиалгаар хувь хүний хөгжлийн сургалтуудыг зохион байгуулж байна. Ер нь хүмүүст нэг сэрхийсэн бодол өгсөн, өөрийнхөө дотоод сэтгэл рүү өнгийн харах цөөн хором бас хэрэгтэй байх шиг санагддаг. Тиймээс энэ л зүйлийг хэлэх гэж хичээдэг дээ. Сургалтын дараа хүмүүс “амьдралдаа хэрэгжүүлэх санаа олж авлаа, маш их мотиваци өглөө” гэх мэтээр сэтгэгдлээ хуваалцдаг болохоор бас хэрэгтэй санагддаг.  


-Бага насны хүүхэдтэй ажиллана гэдэг амаргүй ажил. Гэхдээ цэцэрлэгийн багш нар их аз жаргалтай байх шиг санагддаг. Цэцэрлэгийн багш байхын сайхан нь юундаа байдаг вэ?


-Цэцэрлэгийн багшийн ажил ихээ их, гэхдээ бид завгүй гэж хэлэх дургүй, олон олон ажлын ард гарчихаад сууж байх сайхан байдаг. Өдөр бүр шинэ санаа шинэ ертөнцтйй учирдаг, баяр гуниг нь ил гэгээхэн ертөнцтэй ажилладаг учраас байнга л урам баяр хөөр өгдөг.



Хариуцлага, анхаарал халамж өндөр байхыг тогтмол шаарддаг учраас өндөр хариуцлага шаарддаг ч нөгөө талаас цагаан цаас ших хүүхдүүдийг хүмүүжүүлж, хүн болох суурийг бүрдүүлж байгаа учраас бахархалтай ажил. Энэ хүүхэд ямар хүн болох нь багш танаас л шалтгаална шүү гэж би багш нартаа зөвлөхөд тэд маань их бодолд орсон харагддаг. Манай цэцэрлэгийн хувьд чанартай сургалтыг эрхэмлэж, хүүхэд бүрт чадварын ахиц гарсан байхыг чухалчилдаг.


-Байгууллагынхаа амжилт, туршлага, өөрийн дотоод сэтгэлийг манай уншигчидтай хуваалцсан Танд баярлалаа. Танай хамт олонд ажлын амжилт хүсье!

関連ニュース