Арилжааны эрх зүй бизнес, эдийн засагт итгэлцлийг бий болгоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Хувийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд боловсруулж байгаа нэг
гол хууль нь Арилжааны
хуулийн төсөл юм.
Арилжааны тухай хуулийн төслийг танилцуулан хуулийн төслийг боловсруулах үндэслэл шаардлага, үзэл баримтлал болон зарим орны туршлагын талаар санал солилцож, бизнес эрхлэгчдээс хуулийн төсөлд тусгах санал авах “Бизнесийн орчин ба Арилжааны хуулийн хэрэгцээ, шаардлага” сэдэвт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.
ХЗДХЯ-наас МҮХАҮТ-тай
хамтран зохион байгуулсан хуулийн хэлэлцүүлэгт ААН-үүдийн төлөөлөл, хуульч, судлаач, шүүгч зэрэг олон салбарын төлөөлөл оролцлоо.
Хэлэлцүүлгээр бизнес эрхлэгч нарт тулгамддаг асуудал болон хууль эрх зүйн орчныг сайжруулснаар ямар давуу талууд үүсэх талаар хөндсөн юм. Энэ талаар хэлэлцүүлгийг удирдан явуулсан “Мобиком Корпораци” ХХК-ийн Хуулийн албаны захирал О.Өмөрбек, худалдаа, арилжааны хууль эрх зүй гэдэг тусдаа, бие даасан салбар эрх зүй бөгөөд чөлөөт зах зээлтэй улс орнуудад ч энэ жишгээр явдаг. Манай улсад 2002 онд баталсан иргэний эрх зүйн харилцааны зохицуулалт одоо хоцрогдож эхэлсэн. Нийгэм гэдэг өөрөө үргэлж өөрчлөгдөж байдаг. Аливаа харилцааг тогтвортой, ойлгомжтой болгох нь хуулийн зорилго гэдгийг онцлон хэллээ.
Тэрбээр, “Өнөөдрийн нөхцөл байдалд бизнес, худалдаа эрхлэгч нарт бизнесийн орчин нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Үүнийг өөрчлөхийн тулд арилжааны хууль, эрх зүй чухал шаардлагатай байна” гэв.
Бизнесийн
салбарт тулгамдаад буй асуудлыг намжаах гол шийдэл хэмээн үзэж буй Арилжааны шинэ хуулийг
баталснаар:
- Арилжааны
хэлцэлд оролцож буй этгээдүүд хариуцлагатай болно.
- Арилжаатай холбоотой маргааныг арай өөр тогтолцоогоор,
түргэн шуурхай шийдвэрлэдэг болно.
- Бизнесийн маргаан, хэлцлийг
хуулийн дагуу арилжааны гэрээний тодорхой заалт, тодорхойлолтын дагуу
шийдвэл дээрх зардлыг хэмнэх боломжтой.
- Арилжааны бизнесийн эрх зүйн орчныг ойлгомжтой болгосноор итгэлцлийг бий болгоно. Итгэлцэл бий болно гэдэг нь арилжааны харилцаанд оролцогчид илүү хариуцлагатай болно хэмээн үзэж буйгаа хэлэлцүүлэгт оролцогч нар, зохион байгуулагч нар илэрхийллээ.