СҮХБААТАР: Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-08 13:32:09

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Цаг үеийн нөхцөл байдал, өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Сүхбаатар аймаг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.

 

Аймгийн УЦУОШТ-өөс өгч буй мэдээгээр тус аймгийн нийт нутаг дэвсгэрийн 92,6 хувь нь цагаан зудтай 7,7 хувь буюу Түмэнцогт сум төмөр мөсөн зудын хэмжээнд хүрчээ. Урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас ахиу хэмжээний хур тунадас орох төлөвтэй байна гэв.

 

Энэ хүрээнд аймгийн Онцгой комиссоос зохих арга хэмжээнүүдийг авч байна. Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу нэг суманд 300 орчим шуудай тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгох, Олгой булаг уурхайгаас хандивласан нүүрсийг татан авах ажлыг эхлүүлээд байна.

 

Автозам зам битүү цасаар хаагдсаны улмаас малчид, иргэд хоол хүнс болон тэжээл татах боломжгүй байдалтай байгаа юм. Тиймээс замын цасыг хагалах ажлыг мөн шат дараатай хийхээр боллоо. Баруун-урт сумын ЗДТГ-аас эхний ээлжид 140 км замын цасыг хагалж, нээхээр ажиллаж байна. Энэ газарт 50 орчим өрхийн 17000 гаруй мал өвөлжиж байгаа аж.

 

Бусад сумд ч мөн зам хаагдсан газруудын замыг нээх ажлыг сард нэг удаа зохион байгуулахыг сумдын удирдлагуудад үүрэг болголоо.

 

関連ニュース