СҮХБААТАР: Дулааны станцыг өргөтгөх ажил 39,6 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-01-30 14:45:05

Баруун-Урт 2024 оны нэгдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй арван аймгийн дулааны станцыг өргөтгөх төслийг Сүхбаатар аймаг БНСУ-ын Korea exim банкны 14 тэрбум төгрөгийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй. Санхүүжилт 53,7 барилга угсралтын ажил 39,6 хувьтай байна.


Барилгын гүйцэтгэгчээр "Бьюксан" ХХК, туслан гүйцэтгэгчээр "Мон энержи" ХХК ажиллаж байгаа бөгөөд хүйтний улиралтай холбоотойгоор барилгын ажил түр зогссон. Ирэх гуравдугаар сарын 1-нээс ажил нь эхлэх аж.


Баруун-Урт сумын өрх хүн ам өсөж байна, шинээр барилга байгууламж, орон сууцнууд барьж ашиглалтад оруулж байна. Үүнтэй холбоотойгоор аймгийн төвийн дулааны хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байна. Одоогийн ажиллаж буй дулааны станц үндсэн нормоосоо давсан ачаалалтай ажиллаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 32-33 мВт хүчин чадалтай ч 38 мВт чадлаар ажилладаг.


Харин станцын өргөтгөл ашиглалтад орсноор дулаан хуваарилалт хэвийн нормд шилжиж, дулаан үйлдвэрлэлээс орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, хүлэмжийн хийн ялгарал буурч, агаарын чанар сайжирна. Иргэд жилийн турш халуун усаар хангагдана. Иргэдийн зардал буурч, иргэдийн амьдрах орчин сайжирч, нийслэл рүү чиглэх хүн амын шилжилт хөдөлгөөн багасах зэрэг ач холбогдолтой. 

関連ニュース