ХОВД: Улсын хошой аварга малчин Б.Дэчингончиг шилмэл омгийн хонин сүрэг бий болгоход анхаарч байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Ховд аймгаас Улсын хошой аварга малчин өрх нэг тодорсон нь Манхан сумын малчин Б.Дэчингончигийн гэр бүл юм.
Тэрбээр мал маллах арга туршлагыг өөрийн аав Монгол Улсын аварга малчин Н.Бямбаагаас суралцжээ.
Б.Дэчингончиг Манхан сумын Ботгон багийн нутагт гэргий Б.Оюунчимэгийн хамт 39 дэх жилдээ мал маллаж байна. Өдгөө 1200 гаруй толгой малтай. Үүний 800 гаруй нь хонь.
Эднийх сүүлийн 23 жил 1120-1500 толгой мал тоолуулж малынхаа үүлдэр угсааг сайжруулж, нутгийн шилмэл омгийн хонин сүрэг бий болгоход анхаарч ажиллаж байгааг сумын удирдлагууд онцоллоо.
Мөн сүүлийн 10 гаруй жил хонин сүргээ сутай, торгууд үүлдрийн хуц, ямаан сүргээ алтайн улаан ухнаар сайжруулан багийнхаа малчдад 80 гаруй нутгийн шилмэл хээлтүүлэгч бэлтгэн өгчээ.
Үүнээс гадна Манхан сумын таван залуу малчинд 250-800 толгой мал өгч, өрхийн амьжиргааг нь дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.
Өнгөрсөн онд Ховд аймгийн Манхан сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой тохиосон.
Энэ хугацаанд Манхан сумаас тодорсон хоёр дахь Улсын Хошой аварга малчин бол Б.Дэчингончиг юм.
Улсын Хошой аварга малчин Б.Дэчингончиг гуай отор нүүдэл хийхийг чухалчилдаг. Жилдээ 30 орчим удаагийн нүүдэл хийдэг аж.