СҮХБААТАР: Үйлдвэрлэгчид 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны хоёрдугаар
сарын 6 /МОНЦАМЭ/. “Сүхбаатарт үйлдвэрлэв - Бидний хэрэглээ 2024” үзэсгэлэн худалдааг 8 дахь жилдээ зохион байгууллаа. Үзэсгэлэн худалдаанд гурван аймаг, таван сумын 70 орчим үйлдвэрлэл эрхлэгч оролцож, хоёр өдрийн хугацаанд 100 орчим сая төгрөгийн борлуулалт хийжээ.
Сар шинийн баяртай холбоотойгоор сүү, цагаан идээ, хэвийн боов, үндэсний дээл хувцас, гутлын борлуулалт илүү хийжээ. Сонголтын хувьд ч урьд жилүүдээс өргөн байсныг иргэд хэлж байв. Мөн нийт бараа бүтээгдэхүүний нэр төрөл, өнгө үзэмж, сав баглаа боодол, хаяг шошго зэрэгт ахиц гарсныг зохион байгуулагчид онцолж байна.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч П.Аззаяа өнгөрсөн жилээс гар урлалын бүтээгдэхүүн хийж эхэлжээ. Төрөл бүрийн үнэртэн лаа, банны давс, өөхөн тосоор хийсэн саван, давсан болон цементэн урлалын сувенирүүд
гээд бэлэг дурсгалын бүтээгдэхүүний нэр төрөл олон. Сар
шинийн баярт зориулан эко бэлгийн багцыг хүртэл гаргажээ. Цаашид орон нутагтаа нэрийн дэлгүүртэй болохыг зорин ажиллаж буй аж.
Харин
удаах үйлдвэрлэл эрхлэгч Г.Төмөрсүх Түвшинширээ суманд оёдлын чиглэлээр үйл ажиллагаа
эрхэлдэг. Монгол ундэсний болоод өдөр тутмын, ажлын хувцсыг үйлдвэрлэхийн зэрэгцээ монгол хүний биеийн
онцлогт тохирсон дулаан, чийг татахгүй, чанартай арьсан гутлыг үйлдвэрлэж эхэлжээ. Гутлууд нь орон нутгийн иргэд
тэр дундаа малчдын дунд эрэлттэй бүтээгдэхүүн болжээ. Гуталдаа 100 хувийн баталгаа өгдөг тэрээр үнийг хамгийн доод хэмжээнд барихыг зорьдог. Гутлын түүхий эд, бүтэх өртөг их хэдий ч сүүлийн жилүүдэд гутлынхаа үнийг огт нэмээгүй гэдгээ хэлж байв.
Орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бараа бүтээгдэхүүнийг сурталчлах, борлуулах, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг бий болгох зорилго бүхий энэхүү үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, ХХААГ, Сүхбаатар хөгжил ҮТП, ХАҮТ, Төрийн банк зэрэг байгууллага хамтран зохион байгуулдаг уламжлалтай.