СҮХБААТАР: Зудын хариу арга хэмжээнд хоёр тэрбум орчим төгрөг зарцуулаад байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн бүх сум төмөр зудын ангилалд шилжиж, зудын нөхцөл байдал хүнд хэвээр байгаа. Аймаг орон нутгаас зудын хариу арга
хэмжээнд өнгөрсөн аравдугаар сараас хойш өнөөдрийн байдлаар хоёр тэрбум орчим
төгрөгийг зарцуулаад байна гэж аймгийн Засаг дарга М.Идэрбат хэллээ.
Тэрбээр, нэн тэргүүнд өвс, тэжээл худалдан авч,
хамгийн доод үнээр иргэдэд нийлүүлсэн, зам гаргах ажлыг үе шаттай хийж байна. Малчдаас гадна сумын төвд ч зуд нүүрлэсэн. Төв, суурин газрын иргэдэд түлээ нүүрс, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлсээр байна.
Малчид, иргэд бэлэн мөнгөний хомсдолд орж буйтай холбоотойгоор олон улсын болон гадаадын төсөл хөтөлбөрт хандаж, гурван төслийн хүрээнд нэг сумын 30 өрхөд 380-650 мянган төгрөгийн дэмжлэгийг олгоод байна. Цаашид ч үүнийг бусад байгууллагатай хамтран хэрэгжүүлэхээр судалж байна.
Цаашид онцгой анхаарах шаардлагатай асуудал бол хүний эрүүл мэнд. Өөрөөр хэлбэл биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэнд хүнд байдалтай байна. Тиймээс сумдад сэтгэлзүйн багуудыг томилж ажиллуулах, мөн Улаанбаатар хотоос нарийн мэргэжлийн эмч нарыг авчирч ажиллуулна гэв.
Тус аймгийн хэмжээнд малын хорогдол нэг саяыг давсан. Олон
өрх малгүй болсон. Тиймээс малчдыг амжиргааны гол эх үүсвэр малтай болгох шаардлага үүсэж байна. Тиймээс орон нутгийн төсөв болоод хандив, тусламжийн хөрөнгө оруулалтыг малжуулах хөтөлбөрт зарцуулахаар төлөвлөж буйг тодотголоо.