ДАРХАН-УУЛ: Хотын ууган хэвлэл “Найрамдлын Дархан” сонины 60 жилийн ой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны гуравдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Дархан хотын ууган хэвлэл "Найрамдлын Дархан" сонины 60 жилийн ой боллоо.
Дархан хотын суурийг тавьж, бүтээн байгуулалтын ажил өрнөж эхэлсэн үед хотын иргэдэд мэдээ, мэдээлэл түгээх сонин гаргах шийдвэр гарч байжээ. Найрамдлын хот хэмээн одоо ч нэрлэгдэх Дархан хотын анхны хэвлэл “Найрамдлын Дархан” сонин нэртэй хэвлэгдсэн байна.
1964
оны хоёрдугаар сарын
27-ны өдөр анхны дугаараа гаргаж уншигчдад хүрч байсан тухайн сонины үе
үеийн ажилтнууд сониныхоо түүхт 60 жилийн ойг тэмдэглэлээ.
Ойн үйл ажиллагаанд сонины үе үеийн ахмад сэтгүүлчдээс гадна хэвлэх үйлдвэрийн ажилтнууд оролцож дурсамж яриа өрнүүлэв.
“Найрамдлын Дархан” сонины 60 жилийн ойг тохиолдуулж тус сонинд олон жил ажиллаж, хөдөлмөр бүтээлээ зориулж байсан ахмадуудыг шагнаж урамшуулав.
Тухайлбал “Найрамдлын Дархан” сонины анхдагч тасралтгүй 34 жил ажилласан, ахмад сэтгүүлч Д.Бямбасүрэнг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Дархан хотын түүхийг 21 жилийн турш гэрэл зургийн хальсанд мөнхөлсөн, гэрэл зурагчин Ө.Дэлгэрсайхан Алтан гадас одон, сонины санхүүч Д.Гантөмөрийг Санхүү, банкны тэргүүний ажилтан цол, тэмдгээр тус тус шагналаа.
Мөн сонины үсэг өрөгч Д.Маамуу, Д.Хорлоо, Б.Амгалан, О.Мэндбаяр, хэвлэгч С.Лхагвадорж нар МСНЭ-ийн Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, МСНЭ-ийн нэрэмжит шагналаар “Найрамдлын Дархан” сонины эрхлэгч Д.Ганбат, сэтгүүлч Г.Бямбаа, МСНЭ-ийн Хүндэт медалиар сонины ахмад сэтгүүлч Ч.Саранцэцэг, бичээч Г.Тунгалаг нарыг шагналаа.
Мөн Дархан-Уул аймгийн болон Ахмадын холбооны шагналаар
арав гаруй ахмад ажилтныг шагнаж урамшууллаа.
Тэртээ 1964 онд “Найрамдлын Дархан” сонины газар анх байгуулагдахдаа хэвлэлийн хавтгай машин нэг, босоо хэвлэлийн ТЦ-1 маркийн нэг машинтай 10 хүрэхгүй ажилтантай сониноо хагас хэвлэлийн хуудсанд сард хоёр удаа 1000 ширхгээр хэвлэн уншигчдад хүргэдэг байсан тухай ахмадууд дурсамж яриа өрнүүлж байлаа.
Жил ирэх бүр ажиллах хүн хүч, машин техник нэмэгдсээр долоо хоногт хоёр удаа 4-6 хуудсаар 10 мянга хүртэлх хувиар хэвлэж байжээ.
Тус сонины анхны эрхлэгч нь МУИС-ийн сэтгүүлзүйн ангийг төгссөн, сэтгүүлч И.Нямбуу байлаа. Түүнээс хойш сэтгүүлч Н.Иштавхай, Т.Бямбасүрэн, Ц.Жамбал, М.Баянхүү, Д.Пүрэв, Д.Ганбат нарын сэтгүүлчид мөн Ж.Алтангэрэл, Д.Цэгмэд нар сонины редакцыг удирдаж байв.
1990 оны хоёрдугаар сард Монголын ардчилсан холбооноос “Шинэ толь” сонин гарч, түүний араас чөлөөт хэвлэлийн “үер” буусан гэж ахмадууд тодотгож байлаа.
2002 оны 12 дугаар сараас сэтгүүлч А.Батзаяа “Найрамдлын Дархан” сонины хуучин нэрийг сэргээж аймаг орон нутгийн мэдээ мэдээллийн 10 хоног тутмын сонин дахин мэндэлж байсан түүхтэй.
Дархан хотын түүхийг алтан үсгээр сонины хуудсанд сийлэн
үлдээсэн ахмад сэтгүүлч, ажилтнууд нэгэн өдрийг ийнхүү дурсамж
дүүрэн өнгөрүүллээ.