БАЯНХОНГОР: Бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих төсөл хэрэгжиж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-04-04 12:00:01

Баянхонгор, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Санамж бичигт Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн менежер, суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурснаар тус төсөл Баянхонгор аймагт албан ёсоор хэрэгжиж эхэлж байгаа юм.


Төслийн хүрээнд, Зорилтот газрын хороодод бага насны хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, цогц хөгжлийн дэмжлэг үзүүлэх боломж бүрдүүлэхийн тулд орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг төрийн өмчийн байгууллагуудын (өрхийн эрүүл мэндийн төв, салбар комисс, хүүхдийн цэцэрлэг) чадавхыг бэхжүүлж, дэд бүтцийн орчныг сайжруулах юм Түүнчлэн хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг эрт илрүүлж, дэмжлэг үзүүлэх талаарх эцэг эх, асран хамгаалагч, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, үндэсний бодлогод тусгаж зөвлөмж өгөх ажил зохион байгуулна.


“Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төслийн зохицуулагч Ч.Пүрэв-Очир “Энэ төслөөр зорилтот орон нутагт бага насны хүүхдийн хөгжлийг цогц хүртээмжтэй дэмжих загварыг орон нутгийн нийгмийн үйлчилгээ үзүүлэгч төрийн өмчийн байгууллагуудад түшиглэж бий болгох зорилготой. Амжилттай хэрэгжсэн загвар үйл ажиллагааг цаашид үндэсний болон орон нутгийн бодлогод тусгаж, шаардлагатай эрх зүйн дэмжлэг үзүүлэх юм. Төслийн эхний үе шат нэг жилийн хугацаатай үргэлжилнэ” хэмээн ярилаа.

Төслийн үйл ажиллагаа орон нутгийн өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чадавх, тогтолцоог бэхжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын чадавхыг бэхжүүлэх, цэцэрлэгийн чадавх, тогтолцоог бэхжүүлж, хүүхдийг бага ангид дэвшин суралцах үйл ажиллагааг дэмжих, эцэг эхчүүд болон орон нутгийн иргэдэд зориулан нөлөөлөл, сурталчилгааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг ажилд чиглэнэ.


Хүүхдийг ивээх сан Япон улсын Гадаад хэргийн яамны санхүүжилт бүхий “Монгол Улсын бага насны хүүхдийн цогц, хүртээмжтэй хөгжлийг дэмжих нь” төсөл нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэг болон Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжинэ.


関連ニュース