Өмнөговь аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 09:05:39

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын нутагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөв.


Газар хөдлөлт өглөөний 4.49 цагт тус сумын төвөөс хойд зүгт 32 км, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс хойд зүгт 56 км, Мандал-Овоо сумын төвөөс зүүн урд зүгт 72 км зайд болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.


Газар хөдлөлтийн хүчийг хоёр хэлбэрээр хэмждэг. Магнитуд нь хөрсөн доор, газар хөдөлж байгаа төв хэсгийг хэмждэг үзүүлэлт юм. Харин газрын хөрсөн дээр, хүнд болон барилга байгууламжид мэдрэгдэж байгааг баллаар хэмждэг. Шаталбар нь 12 хүртэл байдаг аж.


Хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд монгол орны өмнөд, зүүн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал, тохиромж муу ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий) болон газар хөдлөлтөөс үүссэн эртний гүн хагарлын дагуух газар нутаг хамрагддаг байна.


Ташрамд мэдээлэхэд, дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэдэг. Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангаас тогтдог, эдгээр нь нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг аж.


 

関連ニュース