Залуусын ур чадварыг дээшлүүлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-09 12:05:14

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ буюу “Профайлинг” үйлчилгээг нэвтрүүлээд хоёр жил болж байна.


Энэ үйлчилгээг одоогоор 20 мянга гаруй ажил хайгчид үзүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаа, ур чадвар олгох сургалтад хамруулах, хувийн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөөг нь хамтран боловсруулан ажилд зуучилж, хөдөлмөрийн зах зээлд хөлөө олоход нь дэмжсээр байгаа юм.


Мөн хүртээмжтэй боловсролыг дэмжиж, эрэлттэй ур чадварыг хөгжүүлэхэд анхаарч, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдад зориулсан хоёр жилийн сургалтын жишиг хөтөлбөрийг Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвтэй хамтран хэрэгжүүлжээ. Төгсөгчдийн дийлэнх нь ажилтай болж, улмаар сургалтын хөтөлбөрийг бусад сургууль амжилттай дэлгэрүүлж байгаа нь боловсролын хөтөлбөрүүд хэрэгцээнд суурилахын ач холбогдол, үр дүнг харуулж байна.



Хамтын ажиллагааны гурав дахь чиглэл нь залуусын энтрепренершип ур чадварыг хөгжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг дэмжин, бизнес эрхлэх боломжоор хангах нь Монголд инновацыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хүн бүрд тогтвортой, өөрчлөлтөд тэсвэртэй ирээдүйг бий болгох чухал стратеги юм. Энэ хүрээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагатай хамтран ирээдүйн бизнес эрхлэгчдийг бэлтгэх, тэдэнд харилцаа, энтрепренершипийн ур чадвар эзэмшүүлэх сургалтууд явуулж байгаа аж.


“Монгол Улс залуусаа чадавхжуулан, идэвхийг нь нэмснээр тогтвортой хөгжинө. Залуус бол хөгжил дэвшлийн үр шимийг хүртэгч төдийгүй улс орныхоо ирээдүйн бүтээн байгуулалтад манлайлагч нь байх боломжтой”-г Европын Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр тэмдэглэжээ. Үүний тулд залуусын мэдлэг боловсрол, ур чадварыг дээшлүүлж, тэдэнд нийгэм эдийн засгийн хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж, шинэчлэх боломж олгох, ажил хайгчдын ур чадварыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх шаардлагатай байгаа юм.

 

関連ニュース