ДАРХАН-УУЛ: Гурван жилийн хугацаанд 530 мянган мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-11 15:49:50

Дархан, 2024 оны тавдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Дархан-Уул аймгийн хэмжээнд мод тарих ажил энэ сарын 3-ны өдөр эхэлсэн.




Өнөөдөр албан ёсоор нээлтийн үйл ажиллагаа “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэнд болж, энэ үеэр Цагдаагийн алба хаагчид өөрсдийн төгөл байгууллаа.


Жил бүрийн мод тарих үндэсний өдрүүдийг аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас санаачлан төрийн байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэдийн сайн дурын оролцоонд тулгуурлан зохион байгуулж байна.




Ногоон Дархан-2032, Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2023 онд аймгийн хэмжээнд 530 мянга гаруй мод тарьж, ургуулжээ.


Энэ жил Зулзагын голын нарсан ойг тэлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардал, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт болон ойн газрын санхүүжилтээр ой тэлэх, хамгаалалтын зурвас байгуулах ажлууд хийнэ гэж аймгийн БОАЖГ-ын дарга Г.Батбаяр ярилаа.




Аймгийн хэмжээнд мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн таван анги, 18 иргэн, аж ахуй нэгж байдаг.




Тиймээс мод тарих ажлын хүрээнд тарьц, суулгацыг орон нутгаасаа хангах, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, ААНБ-ыг дэмжих, хамтран ажиллах бодлого баримталж байна гэв. 

関連ニュース