“Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг иргэд хүртэх нь” төслийн хүрээнд хуралдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл, Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газраас хамтран хэрэгжүүлж байгаа “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн хурал энэ сарын 13-нд боллоо.
Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын үр дүнгээ хэлэлцэж, төлөвлөсөн ажлын гүйцэтгэл хугацаандаа хийгдэж, үр дүнтэй байгаад санал нэгдэв. Мөн хурлаар Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албанаас боловсруулсан “Монгол Улсад хүн бүрд шударга ёс, эрх тэгш байдлыг хангах нь” зөвлөлдөх баримт бичгийн төслийн анхны бичвэртэй танилцаж, харилцан санал солилцож, шинээр зарим асуудлыг тусгаж боловсруулахаар тогтов.
Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, “Жендерийн мэдрэмжтэй, сайжирч хөгжсөн шүүхийн тогтолцооны үр шимийг Монгол Улсын иргэд хүртэх нь” төслийг үргэлжлүүлэх ажлын хэсгийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Э.Зоригтбаатар, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар, гишүүн С.Энхтөр, Нийслэл дэх Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч, Оюуны инновац ТББ-ын төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Т.Алтангэрэл, Ийгл ТВ-ийн тоймч Г.Улсболд болон Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх газрын Комиссарын албаны Олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков, Канад Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хөгжлийн ажилтан Б.Оюунбилэг, урилгаар Шүүхийн цахимжуулалтын зөвлөх Ай ти инсайт ХХК-ийн захирал Ч.Агиймаа нар оролцлоо.