Т.Свифтийн тоглолт Их Британийн эдийн засагт 1.2 тэрбумын орлого оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-05-21 11:29:50

ЛОНДОН, 2024 оны тавдугаар сарын 21 /Kazinform/. “The Eras Tour” аялан тоглолтынхоо хүрээнд Америкийн дуучин Тейлор Свифтийн Их Британид зохион байгуулах цуврал тоглолт тус улсын эдийн засагт 997 сая фунт стерлинг буюу 1.2 тэрбум ам.долларын орлого оруулна гэж “Barclays” банкны шинжээчид тооцоолжээ.


Т.Свифт зургаа, наймдугаар сард Их Британийн дөрвөн цэнгэлдэх хүрээлэнд 15 удаагийн тоглолт хийх юм. “Barclays”-ийн шинжээчдийн таамаглаж байгаагаар, эдгээр тоглолтыг 1.2 сая орчим хүн үзэх бөгөөд хүн тус бүр дунджаар 848 фунт стерлинг зарцуулна. Үүнд тоглолтын тасалбарын үнэ (дунджаар £206), зочид буудалд байрлах зардал (£121), аяллын зардал (£111), мөн тоглолтод зориулан шинэ хувцас худалдан авах зардал (£56), тоглолтод зориулсан барааг худалдан авах (£79) зэрэг зардлыг багтаажээ. Түүнчлэн хоол, ундаа, винил пянз худалдан авах гэх мэт бусад зардалд нэмж 216 фунт стерлинг зарцуулахаар байна. 


"Тэйлор Свифт шиг шүтээнийг эсвэл 1950, 1960-аад оны Элвис, Битлманиа үзэгдлийг, уран бүтээлчдийг үнэнчээр шүтэн биширдэг, фэн клубүүдийн үйл ажиллагаанд маш идэвхтэй оролцдог хүмүүсийн хувьд мөнгө зарцуулах хүсэл нь улам нэмэгддэг" гэж Barclays-ийн шинжээч Питер Брукс ярилаа.

関連ニュース