БАЯНХОНГОР: 200 гаруй сурагч эх хэлнийхээ мэдлэгээр өрсөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-29 10:41:00
Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Төрөлх сургуулийнхаа түүхт 80 жилийн ойг угтан Баянхонгор аймгийн Баянлиг сумын Ерөнхий боловсролын сургууль ахмад багш нарынхаа нэрэмжит монгол хэл бичгийн олимпиадыг зохион байгууллаа.

Бага ангийн монгол хэл бичгийн олимпиадыг АБТА, ахмад багш Д.Дашдаваагийн нэрэмжит, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд монгол хэл бичгийн олимпиадыг АБТА, ахмад багш Ц.Адьяасүрэнгийн нэрэмжит болгон зохион байгуулж, Гэгээн сумади, Төгс Алгоритм, Галуут, Шинэжинст, Баянцагаан, Өлзийт, Богд, Жинст, Баянговь, Баянлиг гэсэн 10 сургуулийн сурагчид оролцсон байна. Олимпиадын сэдвийг МУБИС-ийн багш нар боловсруулсан бөгөөд 1-5 дугаар ангийн төрөлд 97 сурагч, 6-12 дугаар ангийн төрөлд 126 сурагч оролцож, эх хэлнийхээ эрдэм мэдлэгээрээ өрсөлдөн аваргуудаа шалгаруулжээ.

Ахмад багш Д.Дашдаваа нь 1950-1956 онд Баян-Өндөр, Баян-Овоо, Баянговь сумын сургуулиудад багш, 1956-1963 онд Шинэжинст сумын сургуульд багш, эрхлэгчээр, 1965-1989 онд Баянлиг сумын сургуульд багшаар ажиллаад тэтгэвэрт гарсан байна. 1961 онд Монголын багш нарын III их хуралд төлөөлөгчөөр сонгогдон оролцож байсан бөгөөд Баянлиг сумын сургуульд ажиллах хугацаандаа долоон анги даан авч төгсгөсөн байна.
Ахмад багш Ц.Адьяасүрэн нь 1968-1984 онд Богд, Баянлиг, Баянговь сумын сургуульд Монгол хэл уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч, захирлаар ажиллаж байсан. 1984-1988 онд Баянхонгор аймгийн Ардын боловсролын хэлтэст байцаагч мэргэжилтнээр, 1988-1994 онд Баянлиг сумын сургуульд захирал, хичээлийн эрхлэгчээр, 2003-2007 онд Улаанбаатар хотын "Гурван тамир", "Ундарга" сургуульд сургалтын менежерээр, 2009 оноос "Багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалт, судалгаа, арга зүйн төв" ТББ-ын захирлаар ажиллаж байна.

Тус багш нар сурагчдын хүмүүжлийн тогтолцоог бүрдүүлэх, сургалтын агуулга, арга зүй, тeхнологийг шинэчлэх, үнэлгээг боловсронгуй болгох, сургалтын хөтөлбөр боловсруулах талаар олон судалгаа хийсэн, туршлагаа аймаг, улсын хэмжээнд түгээн дэлгэрүүлж, олон ном гарын авлага хэвлүүлэн гаргаж, багш нарын хүртээл болгож байжээ.
関連ニュース