СҮХБААТАР: Спорт цогцолборыг ашиглалтад оруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. 700 хүний суудалтай спорт цогцолборын барилгад өнөөдөр улсын
комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ.
Уг спорт цогцолборын барилга нь хоёр давхар дугуй барилга юм. Зоорийн давхаргүй, төвлөрсөн гурван орц гарц, шатны дөрвөн хонгилтой. Нэг давхрыг нь спортын дасгал сургалт, үйлчилгээний байрны зориулалттай, уламжлалт гэр загварын хоёр давхрын талбайг төрөл бүрийн тэмцээн зохиоход 1000 гаруй үзэгч тухлан суух зориулалтай төлөвлөсөн гэж аймгийн ГХБХБГ-аас мэдээллээ.
Тус барилгыг 2009 онд анх барьж эхэлсэн боловч 2011 онд зогссон. 2021 онд ШУТИС-ийн БАС-ийн оношилгоо судалгааны төвийн мэргэжилтнүүдээр газар дээр нь үзлэг шалгалт хийлгэн дүгнэлт гаргуулж, шаардлагатай цутгамал төмөр бетон бүтцэд хүчитгэл хийснээр цааш үргэлжлүүлэх боломжтой гэх дүгнэлт гарсан байдаг. Улмаар 2022-2024 онд уг бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэн ийнхүү бүрэн дуусгажээ.
Барилгын
гүйцэтгэгчээр "Их модун" ХХК ажилласан бөгөөд улсын төсвийн 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай томоохон бүтээн байгуулалт юм.