БАЯНХОНГОР: Бүжгээр эрүүлжих аяныг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс санаачлан Эрүүл мэндийн газар, Хөгжимт драмын театр, Биеийн тамир спортын газар, “Хонгор”, “Шинэ ертөнц” бүжгийн клубүүдтэй хамтран “Бүжгээр эрүүлжье” аяныг эхлүүллээ.
Тус аяныг хүн амын дунд бүжгээр хичээллэх сонирхлыг өрнүүлж, иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийг сахин хамгаалж, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, бүжгийн спорт, нийтийн бүжгийн дасгал хөдөлгөөнийг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор зохион байгуулж байгаа аж.
"Бүжгээр эрүүлжье" аяныг нэг жилийн хугацаанд өрнүүлэх бөгөөд долоо хоног бүрийн баасан гаргийн 18:00-20:00, бямба гаргийн 7:00-9:00 цагийн хооронд Баганат талбайд бүжгийн сургалт, бүжиглэх цагийг гаргажээ. Харин 10 дугаар сарын 1-нээс эхлэн аймгийн Хөгжимт драмын театрт үргэлжлүүлнэ.
Аяны хугацаанд мэргэжлийн байгууллагууд иргэдэд эрүүл мэндийн дасгалууд, шугаман бүжиг, цэнгээнт бүжгийн төрлүүдээс зааж сургаж, эзэмшүүлэх, дадал болгоход анхаарч хамтран ажиллахаас гадна үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг урамшуулах юм.
Жилийн турш зохион байгуулах “Бүжгээр эрүүлжье” аянд нэгдэж, эрүүл чийрэг бие бялдартай, цог золбоотой, амьдралын эрч хүчээ нэмэгдүүлсэн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлсэн иргэд болохын төлөө хамтран ажиллахыг зохион байгуулагчид уриаллаа.


