СҮХБААТАР: Цусаа тогтмол хандивладаг 200 донор бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-14 16:54:15

Баруун-Урт 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр дэлхийн цусны донорын өдөр. Сүхбаатар аймгийн хэмжээнд цусаа тогтмол хандивладаг 200 донор байдаг. Тэднээс хүндэт донорын болзол хангасан гурван донорыг Цусны салбар төв болон Улаанзагалмайн хорооноос алдаршууллаа.


Х.Хатансайхан 2004 оноос цусны донорын эгнээнд нэгдэж, 38 удаа цусаа хандивлажээ. Харин Д.Өлзиймэнд, М.Буянсайхан нар 2008 оноос хойш 35 удаа цусаа хандивлаж, олон хүнд амьдрал бэлэглэжээ.



Цусаа өгөх нь бусдад амьдрал бэлэглэхээс гадна өөрөө давхар эрүүлжиж байдаг олон талын ач холбогдолтой. Мөн өөрийнхөө эрүүл мэндийг тогтмол хянаж байдаг. Үүн дундаас мэдээж хамгийн сайхан нь бусдын амь аварч, амьдрал бэлэглэх юм гэж хүндэт донор Д.Өлзиймэнд ярилаа. 



Аймгийн Нэгдсэн эмнэлгийн цусны салбар төв нь 1969 онд цусны станц нэртэйгээр байгуулагдаж 55 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. 2016 оноос салбар төвийн барилгыг шинэчилж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаснаар цус цуглуулах, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэх, хадгалах, тээвэрлэх үйл явц сайжирч, жилд 7-11 төрлийн цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эмчилгээнд олгодог байна.  


Дэлхий нийтээр энэ өдрийг “Амьдрал бэлэглэсэн 20 жил- донор танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байна. 

関連ニュース