О.Ганбат:Технологийн дэвшлийг нэвтрүүлсэн туршлагаа Хэнтий аймагт хэрэгжүүлж ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЦЕГ-ын даргын тушаалаар Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын даргаар цагдаагийн хурандаа О.Ганбат томилогдон ажиллаж байна. Түүнтэй уулзаж, хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлынх нь талаар ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө Хэнтий нутгийн ард иргэдийн аюулгүй, амар тайван байдлыг хангах, сахин хамгаалах хариуцлагатай ажилд шинээр томилогдсонд баяр хүргэе. Ажилтайгаа хэр танилцаж амжив?
-За баярлалаа. Хэнтий аймагт томилогдоод 10 хонож байна. Алба хаагчдынхаа ажил амьдралтай танилцах, аймаг орон нутгийн удирдлагуудтай санаа бодлоо хуваалцах, цаашид хийх ажлаа төлөвлөх, гарцаа тодорхойлох чиглэлээр тодорхой саналуудыг дэвшүүлээд ажиллаж байна.
- Хурандаа О.Ганбатын ажлын гараа хаанаас хэрхэн эхлээд энд хүрэв?
- Би Өвөрхангай аймгийн Тарагт сумын уугуул хүн. 1992 онд Өвөрхангай аймагтаа дунд сургуулиа дүүргэсэн. Дараа нь хоёр жил суманд цагдаагаар ажиллаж байгаад Цагдаагийн дээд сургуульд дөрвөн жил суралцаж төгссөн. Ажлын хоёр дахь гараагаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн тасагт эрүүгийн төлөөлөгчөөс эхэлж, Эрүүгийн цагдаагийн газрын онц хүнд, гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байгаад Булган аймгийн Цагдаагийн хэлтэст хэлтсийн даргаар томилогдсон. Томилогдсоноос минь хойш манай цагдаагийн хэлтэс газар болж өргөжөөд, газрын даргаар гурван жил гаруй ажиллаж байгаад сая Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаалаар Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын даргаар томилогдоод байна.
- Хэнтий аймаг, Булган аймаг хоёрын хооронд газар нутаг, хүн ам, гэмт хэргийн нөхцөл байдал гээд онцлог ялгаа олон байгаа байх. Та Хэнтий аймгийг хэр их судлав?
- Булган аймаг газар тариалан, мал аж ахуй зонхилсон, гурван трансын засмал замтай, үүгээрээ хөдөлгөөний аюулгүй байдлын нягтаршил нэлээд ихтэй, ийм аймаг. Харин Хэнтий аймгийн хувьд хэвтээ тэнхлэгийн нэг засмал замтай, хангай хээр, говь хосолсон, мал аж ахуй, газар тариалангийн аймаг байна. Тийм учраас газар нутгийн нөхцөл байдлын хувьд, байгаль орчны хувьд ялгараад байх зүйл алга.
Ер нь Хэнтий аймагт гарч буй гэмт хэргийн 70 хувийг малын хулгайн гэмт хэрэг эзэлж байна. Мөн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, иргэдийн эрүүл мэнд, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг зонхилон үйлдэгддэг юм байна. Сүүлийн хэдэн жилд Хэнтий аймгийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн, орон нутаг, иргэд маань хамтраад малын хулгайн гэмт хэргийг нэлээд сайн бууруулж чаджээ. Ойролцоогоор 10 орчим хувиар бууруулсан байна. Мөн энэ жишгийг миний бие Булган аймагт хэрэгжүүлж, тус аймагт дийлэнх олонхоор үйлдэгддэг малын хулгайн гэмт хэргийг 10 орчим хувиар бууруулж байсан ажлын туршлага надад бий. Тийм учраас би цаашид энэ ажлыг аваад явахад боломжтой гэж үзэж байгаа.
Ер нь Хэнтий аймаг маань гэмт хэргийн гаралтаараа бүсчлэлийн хувьд нэгдүгээр бүсийн гуравдугаар зэрэгт явдаг. Харин Булган аймаг гуравдугаар бүсийн 2,3 дугаар зэрэгт явдаг аймаг. Ингэхээр Хэнтий аймаг гэмт хэргийн гаралтаараа улсын хэмжээнд нэлээд өндөрт явдаг гэсэн үг. Тиймээс гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг оновчтой, зөв зохион байгуулах, цаашид Хэнтийчүүдийн бууруулсан гэмт хэргийн гаралтыг тогтвортой хэмжээнд барьж явах гээд олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр зорилт тавин ажиллаж байна даа.
-Та Булган аймгийн Цагдаагийн газрын даргаар хэлтэс байхад нь томилогдоод газар болтол нь өргөжүүлж ажилласан хүн. Энэ хугацаандаа шинэлэг олон ажлуудыг санаачилж хийж байсан гэж сонссон. Тэдгээр ажлуудаасаа товч дурьдаач? Хэнтийд үргэлжлүүлэн хийж болох ямар ажлууд байна гэж та харж байна?
-Булган аймагт ажиллаж байх хугацаандаа орон нутгийн удирдлагууд болох Засаг дарга, ИТХурал, сумдын удирдлагууд болон иргэдтэйгээ маш ойр ажилласан. Үүнийг томъёолж хэлбэл иргэд, олон нийтийн туслалцаанд тулгуурлан технологийн дэвшлийг нэвтрүүлж ажилласан үүнийгээ ч Хэнтий аймагт хэрэгжүүлж ажиллах болно. Ер нь иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангахад орон нутгийн удирдлагуудын дэмжлэг хамгаас чухал шүү дээ.
Энэ хүрээнд Булган аймгийн Цагдаагийн газарт 3,5 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг Булган аймгийн ИТХ, Засаг дарга, сумдаас үзүүлсэн байдаг. Энэ хөрөнгө иргэдийн аюулгүй байдлын төлөө тухайн сум, аймгийн удирдлагаас оруулсан хөрөнгө оруулалт гэж би ойлгодог. Энэ хөрөнгө гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд, Цагдаагийн байгууллагын техник технологи бусад зүйлсийг сайжруулахад хэрэглэгдсэн. Тухайлбал: Аймгийн төвд 80 гаруй камер 600 гаруй сая төгрөгөөр тавигдсан, 300 гаруй сая төгрөгөөр Булган аймгийн нутаг дэвсгэрт байгаа томоохон гол мөрний гүүрэн дээр камер тавьж, сумдын кабон байртай шилэн кабелиар холбосон байх жишээтэй. Булган аймаг 16 сум нэг тосгонтой бөгөөд 14 сумыг Цагдаагийн автомашин унаагаар хангасан, согтуурал хэмжигч багаж болон бэлэн бус торгуулийн машинаар бүх сумыг хангасан гээд тоочоод дурьдаад байвал олон сайн жишээг Булган аймгийн удирдлагууд үзүүлсэн. Энэ бол зөвхөн иргэдийн аюулгүй байдал, гэмт хэрэгт өртөх, түүнээс урьдчилан сэргийлэхэд нь тус нэмэр болсон ажлууд юм. Энэ ажлуудаасаа Эртний түүхт Хан Хэнтий нутгийн Цагдаагийн газарт ажиллах боломж гарсан дээрээ хийж хэрэгжүүлье, бүтээе, хамт олонтойгоо хамтарч ажиллая, орон нутагтайгаа хамтраад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил дээр үр дүн, ахиц гаргая гэсэн хүсэл мөрөөдөлтэй энэ ажлыг аваад байж байна. Энэ чиглэлээр холбогдох удирдлагуудтайгаа уулзаж санал бодлоо солилцсон. Цаашид дэмжин ажиллахаа илэрхийлж байгаа.
Юуны өмнө Цагдаагийн байр маань тийм сайнгүй, ажиллах орчин нөхцөл нь өнөө үеийн шаардлага хэрэгцээг хангахгүй байна. Энэ жил шинээр Баянхонгор аймаг Цагдаагийн байр барьж ашиглалтанд оруулсан, энэ жишгээр Хэнтий аймагтаа шинэ Цагдаагийн байр барих зураг төслийг аймгийн удирдлагууд дэмжих байх.
Хоёрдугаарт, Хэнтий аймгаар зүүн бүсийн хэвтээ тэнхлэгийн зам дайран өнгөрч Дорнод, Сүхбаатар аймгууд руу очиж байна. Үүнийгээ дагаад постын болон камерын хяналтанд авах шаардлага харагдаж байгаа. Яагаад гэвэл Цагдааг өдөр шөнөгүй ажиллуулаад байх орон тоо, бүтэц, бүх зүйл хүндрэлтэй. Үүнийг нөхөхийн тулд техникийн хүчинд тулгуурласан технологиудыг нэвтрүүлэх, пост барих, камер тавих ажлуудыг хийе гэсэн санаагаа аймгийн удирдлагуудад танилцуулсан.
Ер нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт орсон нэлээд олон ажил бий, үүнийг хэрэгжүүлэх чиглэлээр аймгийн удирдлагуудтайгаа хамтарч ажиллана. Тухайлбал, Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, ялангуяа малын хулгай, байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, иргэдийн эрх чөлөө, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн гаралтыг бууруулах чиглэлд хамтарч ажиллах санал тавьсан. Үүнийг би эхний ээлжинд хэрэгжүүлэхээр зорьж, нөхцөл байдал, бүх зүйлээ энэ чиглэлд хандуулаад ажиллаж байна.
-Та эдийн засаг санхүү, ажил байдлын хувьд, албан хаагч, цагдаагийн газрын техник хэрэгсэл, хүчин чадлын хувьд яг ямар байгууллага хүлээж авсан гэж бодож байна?
-Ер нь сүүлийн 4 жилд Хэнтий аймгийн Засаг дарга, Тамгын газар, Хуулийн хэлтэс, Иргэдийн хурал нь Цагдаагаа сайхан дэмжиж, хамтарч ажилласан юм байна. Бас нэлээд хөрөнгө оруулалт босгох ажлууд хийсэн байна. Мэдээж төгс юм гэж юу байхав. Жишээ нь аймгийн төвдөө 80 камер суурилуулах зураг төсөл гаргасан боловч 42 камерыг суурилуулаад, үлдсэнийг нь орхисон байна. Үүнийг цаашид зураг төсвийнх нь дагуу нэмж байршуулах шаардлага, хэрэгцээ байна. Энэ дагуу холбогдох байгууллагууддаа санал хүсэлтээ хүргүүлсэн, дэмжих байх. Мөн “Архигүй Хан Хэнтийчүүд” хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр улсад жишиг болохуйц олон ажил хийж, олон ч хүн архины хамаарлаас татгалзсан байна. Үүнийгээ дагаад гэр бүлийн хүчирхийлэл нэлээд буурсан үзүүлэлт харагдаж байна. Энэ хөтөлбөр маань нэрэнд нь өөрчлөлт ороод үргэлжлээд хийгдэх юм байна гэж ойлгож байгаа. Тиймээс Хэнтийчүүдээ архины хамаарлаас хол байлгах, ажлын байрны архидалтыг таслан зогсоох, иргэдийнхээ эрүүл, аюулгүй, амгалан тайван аж төрөх нөхцлийг бүрдүүлэхэд энэхүү хөтөлбөрийг гол сууриа болгож ажиллана гэсэн зорилт тавьж байна.
- Таны хувьд өмнө нь Хэнтий нутагт ирж байв уу? Шинэ газар, шинэ хамт олон гээд бүх зүйл таныг шинээр угтаж байна. Ямар сэтгэгдэл төрж байх юм?
-Цагдаагийн Ерөнхий Газар гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулийн үндсэн заалт зарчмынхаа хүрээнд орон нутагт байгаа цагдаагийн газрын дарга нараа сэлгүүлэн ажиллах шийдвэр гаргасан юм. Би ЦЕГ-ын даргын энэ шийдвэрийг хүндэтгэн хүлээж авч байгаа. Миний хувьд өмнө нь Хэнтий аймагтай ажил албаны холбоотой байсан. 2011 онд Хэнтий аймгийн Батширээт суманд удаа дараа гарсан галын хэргүүдийг илрүүлэх, таслан зогсоох төрийн даалгавраар Улаанбаатар хотоос 4 хүний бүрэлдэхүүнтэй, Хэнтий аймгаас 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 2 сар гаруй хугацаанд тус суманд ажилласан. Тухайн үед очиж ажиллахад Батширээт суманд аль 1999 оноос хойш 60 гаруй галын хэрэг гарч, олон хүнийг шалгаж байцаасан боловч хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй, нэлээд хэл ам, хэрүүл тэмцэл дагуулсан, ард иргэд нь үүнд сэтгэл дундуур байсан ийм үед энэ ажлыг би авч үргэлжлүүлэн шалгаж байлаа. Ингэж ажиллах хугацаандаа нэлээд олон хүмүүсийг эрүүгийн хариуцлагад татаж, зарим хэргүүдийг хэрэгсэхгүй болгож, зарим хэргүүдийг татгалзах саналтай шийдвэрлүүлж, зарим үйлдэл холбогдол нь тогтоогдож, порцессын ажиллагаа хуулийн хүрээнд үргэлжилсэн. Түүнээс хойш Батширээт суманд ахин галын хэрэг гараагүй гэж би сонссон.
Тэгэхээр Хэнтий аймаг өмнө нь хийж байсан ажилтай минь холбогдож, цаашид хийх олон ажлыг минь урагшлуулах байх гэж итгэж, найдаж байна. Энэ сайхан сэтгэл дээр дөрөөлж, олон сайхан ажлыг амжуулна гэж бодож байгаа. Хэнтий нутгийн ард иргэдтэй тэр болгон уулзаж амжаагүй байгаа хэдий ч цаашид уулзах боломж гарах байх. Цаашид хамт олонтойгоо хамтраад иргэдийн аюулгүй байдлыг хангах олон ажлыг амжуулна гэж бодож байгаа. Ер нь манай хамт олон төлөвшчихсөн, бичиг баримтын эмх цэгц сайтай, үйл ажиллагаа нь нэлээд жигдэрсэн, сахилга бат, дэг журам сайтай хамт олон гэдгийг Хэнтий нутгийн ард түмэн сайн мэдэх байх аа. Тиймээс өмнө нь энэ байгууллагыг удирдан ажиллаж байсан, одоо Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын даргаар томилогдон ажиллаж байгаа, цагдаагийн хурандаа П.Оростогоо даргадаа хамт олныхоо өмнөөс ажлын өндөр амжилт хүсэж байна.
-Хурандаа П.Оростогоо дарга та хоёрын хувьд ойр дотно холбоотой, нэг анги гэж сонссон. Энэ тухай тодруулж яриач?
-Тийм ээ. Бид хоёр 1994-1998 онд Цагдаагийн дээд сургуульд хамт сурч төгссөн. Хоёулаа ажиллаж байгаад дээд сургуульд орсон учраас ажил, амьдралын холбоо их ойрхон, гэр бүлийн найз нөхдийн холбоотой хүмүүс. Ажил амьдралын эрхээр хоёр аймгийг удирдаад явж байхдаа ч үргэлж утсаар зөвлөлдөх, бие биендээ хийж хэрэгжүүлэх гэж байгаа ажлынхаа гарц гаргалгааг хэлэлцэж, ярилцах асуудал олон байсан. Тухайлбал, аймгийг тойрсон хяналт шалгалтын постуудыг Би Хэнтий аймгаас санаа авч Булганд хэрэгжүүлж байх жишээтэй. Булган аймагт барихаар төлөвлөж байсан цагдаагийн газрын байрны өргөтгөлийн зураг төслөөс санаа аваад Хэнтий аймгийн Цагдаагийн газар маань Засгийн газрын түвшинд хөөцөлдөж, төсөвт оруулсан байх жишээтэй. Энэ мэт сайн ажлын туршлагуудаа бие биендээ солилцоод явж байсан ажил амьдралын холбоотой хүмүүс.
- Хэнтий аймгийн эрүүгийн нөхцөл байдал өнөөдөр ямар хэмжээнд байна вэ? Цаашид хийж хэрэгжүүлэхээр зорьж буй ажлуудаасаа танилцуулбал?
- Хэнтий аймагт эхний 9 сарын байдлаар 321 гэмт хэрэг бүртгэдсэн байна. Үүнээс 67 гэмт хэрэг илрээгүй, илрүүлэлтийн хувь тааруу байгаа учраас бие бүрэлдэхүүнийг энэ чиглэлд анхаарч ажиллахыг даалгасан байгаа. Одоо өвлийн идэшний цаг эхэлж байгаатай холбогдуулан, малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хяналт шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Мал эмнэлэг үржлийн газар, Татварын албатай хамтран зохион явуулахаар бэлтгэл ажил хангагдаад явж байна. Тус арга хэмжээний хүрээнд аймаг тойрсон гол цэгүүдэд хяналтын пост ажиллуулах юм. Алба хаагч нарын томилолт, шатахууны зардал зэрэг санхүүгийн асуудлыг аймгийн удирдлагууд 6 сая төгрөг гарган шийдвэрлэж өгсөн байгаа.
-Бидний урилгыг хүлээн авч чин сэтгэлийн яриа өрнүүлсэн танд баярлалаа. Нийт уншигчдынхаа өмнөөс ажлын амжилт хүсье.
-Баярлалаа. Цагдааг тодорхойлох хоёр алба байдаг юм. Үүний нэг нь нийтийн хэв журам хамгаалах алба буюу гудамжинд ажиллаж байгаа эргүүлийн цагдаа, нөгөөх нь зам дээр үүрэг гүйцэтгэдэг замын цагдаагийн албан хаагчид. Энэ хоёр бол Цагдаагийн нүүр царайг тодорхойлж явдаг, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гол ажлуудыг хийж гүйцэтгэдэг алба. Тиймээс эдгээр албадаараа дамжуулан олон нийтэд чиглэсэн ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Иргэддээ ажлаа ил тод нээлттэй танилцуулж, шүүмжлэлийг цааргалалгүй хүлээн авна. Үндэслэл бүхий шүүмжлэл бол ажил албаа сайжруулах, засах, магадгүй олж хараагүй, бидний мэддэггүй иргэдэд дарамт болсон гомдол цөхрөлийг ил болгож засах түлхүүр гэж ойлгож байгаа учраас нээлттэй манай байгууллагад хандаарай гэж хүсэх байна. Цаашид хэвлэл мэдээллийн байгууллагуудтайгаа ойр хамтран ажиллана. Хэнтий нутгийн ард иргэдийн аюулгүй байдлыг хангах амаргүй бөгөөд нэр хүндтэй ажлын төлөө Та бүхэнтэй хамтран ажиллахад би бэлэн гэдгээ илэрхийлье. Хан Хэнтийчүүд Та бүхэндээ хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Хэнтий аймаг Д.Одонтунгалаг