ДАРХАН-УУЛ: Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд тангаргаа өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан, 2024 оны наймдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Энх тайвны корпусын сайн дурын ажилтнуудын шинэ бүлгийн тангаргийн баяр Залуучууд театрын их танхимд боллоо. Ажлын өмнөх бэлтгэл сургалт, дадлагын ажлыг сүүлийн жилүүдэд Дархан-Уул аймагт зохион байгуулж хэвшсэн байна.
Сайн дурын 27 ажилтан Дархан-Уул аймагт хоёр сарын турш амьдарч, Монгол хэл, соёл, зан заншлыг судалж, “Зулзагын гол” хүүхдийн зуслангийн хоёрдугаар удаагийн ээлжийг “English camp” болгон амрагч хүүхдүүдэд англи хэл заажээ.
Ажлын өмнөх сургалтаа амжилттай дүүргэж буй М33 дугаар бүлгийн сайн дурын ажилтнууд тангаргаа өргөн гэрчилгээгээ гардан авахын зэрэгцээ монгол үндэсний бүжиг, бусад сурсан зүйлээ зочдод үзүүлж сонирхууллаа.
Тэд хоёр жилийн хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт очиж, ЕБС-ийн сурагчдад англи хэл, эрүүл мэндийн боловсролын хичээл заах ажээ.
Тангараг өргөх ёслол АНУ-гаас Монгол Улсад суугаа Элчин сайд эрхэмсэг ноён Буанган, Монгол дахь Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер, аймгийн Засаг дарга Б. Азжаргал бусад холбогдох албаны төлөөлөл оролцлоо.