СҮХБААТАР: Газрын дуудлага худалдаанаас 500 гаруй сая төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-27 14:17:22

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт өнгөрсөн хоёр жилд тус бүр нь 7-11 га бүхий дөрвөн хэсэг газрыг нээлттэй дуудлага худалдаагаар өмчлүүлжээ. Үүнээс 500 гаруй сая төгрөгийн орлого олж, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна.


Тодруулбал, Баруун-Урт сумын шинэ суурьшлын бүс буюу наймдугаар багийн нутагт барилга орон сууц, дэд бүтцийн чиглэлээр дээрх газрыг олгосон байна. Тус сум ирэх жилүүдэд зүүн тийш тэлж, шинэ суурьшлын бүс байгуулахаар төлөвлөсөн учир төрийн хоёр байгууллагад мөн газар өмчлүүлсэн нь сургууль, цэцэрлэгийн барилга барих зориулалттай.

Харин иргэд өмчлөлийн 0,7 га газраа авах хүсэлтийг маш ихээр гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд газар олгоогүйтэй холбоотойгоор  ГХБХБГ-т цахимаар болон цаасаар 2000 орчим өргөдөл ирээд байгаа гэнэ.


Сүхбаатар аймгийн тухайд энэ жил зүүн талын шинэ суурьшлын бүсэд 600 өрхөд газар олгохоор төлөвлөсөн ч хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдаагүй газар гэх шалтгаанаар Монгол Улсын Засгийн газар  дэмжээгүй. Гэхдээ ирэх жил олгох боломжтой. Учир нь бид бодлогын  бичиг баримтдаа өөрчлөлт оруулна. Өөрөөр хэлбэл хөгжлийн ерөнхий төлөвлөгөөндөө тодотгол хийж дээрх 600 айлын газрыг нэмж тусгаад Засгийн газарт дахин саналаа хүргүүлнэ гэж аймгийн ГХБХБГ-ын дарга Э.Төгөлдөр хэллээ

関連ニュース