СҮХБААТАР: Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 85 хувьтай үргэлжилж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсад анхдагч гэх томоохон бүтээн байгуулалт болох 246 га талбай бүхий Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 85 хувьтай үргэлжилж байна.
Улсын төсвийн 9,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тус цэцэрлэгт хүрээлэнгийн төсвийн гүйцэтгэгчээр Их Модун ХХК ажиллаж байгаа. Төслийн явцтай аймгийн Засаг дарга М.Идэрбат болон
холбогдох хүмүүс танилцаж, талууд саналаа
солилцсон юм. Удирдлагуудын зүгээс 10 дугаар сарын сүүлээр ажлаа дуусгаж, ашиглалтад өгөхийг санал болгосон ч гүйцэтгэгч талаас нэмэлт ажлууд хийгдэж
байгаатай холбоотойгоор эцсийн хугацаа 11 дүгээр сарын 1-нд ашиглалтад хүлээлгэн өгнө гэдгээ мэдэгдлээ.
Их Модун ХХК-ийн Ерөнхий захирал Б.Цогтсэргэлэн
хэлэхдээ, анхны зураг төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Гэхдээ хасах зүйл байхгүй, харин ч хэдэн зүйлийг дахин нэмэхээр болсон. Үүнтэй холбоотойгоор цэцэрлэгт хүрээлэнг хүлээлгэж өгөх ажил хэд хоногоор хойшилж
байна гэв.
Цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт хүүхдийн мини парк байна. Үүнд алсыг харагч, морин
тойруулга, савлуурт завь зэрэг зургаан төрлийн тоглоомыг суурилуулахаар авчирчээ. Одоогоор суурь цутгалт, далангийн ажил хийгдэж байна. Мөн хоёр гүүрний угсралт бүрэн дууссан, ирэх долоо хоногт хучилтын ажил хийгдэнэ.