СҮХБААТАР: Тарвас тарьсан сонирхолдоо хөтлөгдөн өрхийн тариаланчид болжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны наймдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Баруун-Урт сумын нэгдүгээр багийн иргэн Ц.Мягмарсүрэн, Б.Ган-Эрдэнэ нар 2020 онд айлын газар түрээслэн анхны тарвасаа тарьж байсан тэд өдгөө өөрсдийн гэсэн өмчлөлийн газартай болж, задгай талбай болон хүлэмжид олон төрлийн ногоо тарьж орон нутгийнхаа иргэдийн хүнсний ногооны хэрэгцээний тодорхой хувийг хангадаг болжээ.
Ц.Мягмарсүрэн БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаад иржээ. Хүлэмжийн аж ахуйд ажилласан туршлагаа орон нутагтаа амжилттай туршиж, анхны ургацаараа 12 кг тарвас авч, түүндээ урамшин өрхийн бизнес болгон өргөжүүлж байна.
Би тариалангаас их хол хүн л дээ. Ямар ч анхны мэдэгдэхүүнгүй байлаа. Нөхөр маань ногоо тарьж үзье гэхээр нь өөрөө мэдэхгүй ч саналыг нь шууд дэмжсэн. Туршлага судлаад ирсэн байсан болохоор нь итгэж байсан. Тэгээд л нэг түрээсийн газар олоод тарвас тарьж үзсэн. Яах бол гэж айж байсан ч ургаж байгааг нь хараад шууд урам авдаг юм билээ. Сонирхоод эхлэхээр өөр ногоо тарьж, туршиж үзмээр санагддаг. Ингэж л тариалан гэдэгтэй холбогдож эргэлтгүйгээр үүндээ бүх зүйлээ зориулсан даа. Хэдий богино хугацаа мэт боловч энэ хооронд биднээс маш их хөдөлмөр, хичээл зүтгэл гарсан.
Тариалан эрхэлнэ гэдэг маш их арчилгаа шаарддаг. Хүн хүч ч их хэрэгтэй болдог. Одоо бол бидний гол туслахууд хүүхдүүд маань л байна. Тэд ч энэ талбайдаа ирэх дуртай. Хавар талбайгаа бэлдэхээс эхлээд намар ургацаа авах хүртэл гэр бүлийн бүх гишүүн гар бие оролцоно. Үүнээс гадна манайх 50 гахайтай. Гахай үржүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулаад бас хэдэн жил болсон байна. Ер нь манай гэр бүлийн анхны бизнес гэж хэлж болно гэж гэргий Б.Ган-Эрдэнэ ярилаа.
Хүний хөлөөс зайдуу 1 га газрыг дуудлага худалдаагаар авч, хашаажуулан гүний худаг хүртэл гаргажээ. Мөн хашаандаа хоёр хүлэмжтэй. Хүлэмжинд өргөст хэмх, улаан лооль тарьдаг бол задгай талбайдаа өнгөрсөн хавар тарвас, төмс, лууван, сонгино, шар улаан манжин, салатны навч, бууцай, брокли зэргийг тарьжээ. Ургац ч сайн байв.
Удахгүй шинэ ургацаа авч худалдаална. Гэрийнхээ гадна ногооны мухлагтай. Мөн хэдийн өөрийн гэсэн үйлчлүүлэгчтэй болсон учир өөрсдөө ирж авах нь авч, зарим нь гэртээ хүргүүлээд авчихдаг байна. Ялангуяа эдний тарвасанд орон нутгийн иргэд их дуртай. Ямар нэг химийн бордоо, хадгадах бодис гэх зүйл ашигладаггүй болохоор тарвас болоод бүхий л ногоо нь амт сайтай байдаг аж. Дээрээс нь орон нутгийнхаа хөрсөнд ургасан хүнсний ногоог хувь хүмүүс болоод дэлгүүрүүд авах дуртай байдаг гэнэ.
Ц.Мягмарсүрэн, Б.Ган-Эрдэнэ нар дөрвөн хүүхэдтэй. Зургуулаа хамтдаа
тарьж, хамтдаа хураана. Жинхэнэ өрхийн тариалан эрхлэгчид.