Б.Анхбаяр: Түүхийн хичээлээр хүүхдэд эх орноороо бахархах үзлийг төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-03 16:20:22

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. 100 дахь хичээлийн шинэ жилээ эхлүүлсэн Баруун-Урт сумын Нэгдүгээр сургууль энэ жил арван залуу багшаар эгнээгээ тэлсэн. Тэдний нэг бол түүх, нийгмийн ухааны багш Н.Анхбаяр юм. Тэрбээр түүхийн хичээлээр дамжуулан хүүхэд бүрд улс, эх орноороо бахархах, хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх чин хүсэл өвөрлөн иржээ.


Өнөөдөр түүний хичээлийн анхны өдөр. Догдлол бас сандралтайгаа хамт шавь нартайгаа уулзаж, самбар дээр анхны цагаан зураасаа татав. Сурагчидтайгаа мэндлэх, самбар дээр он, сараа бичих яг энэ мэдрэмжийг тэр сүүлийн хэдэн өдөр төсөөлжээ.



Б.Анхбаяр хэлэхдээ, үнэхээр үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж төрж байна. Өглөө гэрээс гарахад аав, ээж хоёр маань бас яг над шиг ингэж догдлоод үлдсэн. 100 жилийн түүхт ууган сургуульдаа багшлах болсондоо маш их баяртай байна. Мэдээж надад итгэл хүлээлгэж байгаа хамт олон, гэр бүл, шавь нарынхаа төлөө хамгийн сайнаараа хичээн ажиллах болно. Арван жилийн сурагч байхдаа түүхийн хичээлдээ их дуртай байсан. Түүхийн багш маань ч хичээлээ ойлгомжтой гоё заадаг байсан л даа. Түүхийн багш орж ирэхээр хамгийн урд талын ширээнд очоод суучихна. Багштайгаа ярилцана, мэтгэлцэнэ. Ер нь тэр багш маань энэ мэргэжлийг сонгоход хамгийн их нөлөөлсөн. Тэгэхээр шавь нь сайн багш болсон шүү гэдгээ бас харуулахыг хүсэж байна гэлээ.

 

Түүний тухайд Баруун-Урт сумын Хоёрдугаар сургуулийг төгссөн. 2020-2024 онд МУБИС-д түүх, нийгмийн ухааны багш мэргэжлийг эзэмшиж, төрөлх нутагтаа ажиллаж амьдрахаар сэтгэл шулуудан ирсэн нь энэ юм.

 

関連ニュース