СҮХБААТАР: Мянган ээжийн баяр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-09-23 18:50:57

Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/. Монголын Эмэгтэйчүүдийн холбоог үүсгэн байгуулсны 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбоо 1000 ээжийн баяр-ыг хийлээ.


Аймгийн 12 сум, есөн багаас салбар салбарын, нас насны мянган ээжийг хамруулсан уг үйл ажиллагаа нь холбооны түүхэнд анхдагч гэдгээрээ онцлог боллоо.


 

Мянгуулаа нэгэн дор цуглана гэдэг үнэхээр гайхалтай байна. Эмэгтэй хүн өөрөө сайн энергийг үргэлж дагуулж явдаг учир мянган ээжийн маань энерги орон нутагт минь шингэж буй хэмээн бэлгэшээж байна. Энэ өдрийг хайртай ээжийгээ баярлуулах, хамтдаа мэдлэг мэдээлэл авах, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, гэр бүл, хамтын амьдрал, хайрын талаар илтгэл сонсож, харилцан бие биенээсээ суралцах, түүхээ хүүрнэлдэн, сайн сайхан ирээдүй, эмэгтэйчүүдийн оролцоо, нөлөөлөл ямар байх талаар хэлэлцэн ярилцсан, үр дүнтэй үйл ажиллагаа боллоо гэж Сүхбаатар аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ж.Гантулга ярилаа.

 

Баяр мянган ээжийн сүүн цацлаар эхэлж, ойн нэгдсэн хурал, үе үеийн удирдлагууддаа хүндэтгэл үзүүлэх, “Хайрлагдсан эмэгтэй лекц, үдшийн цэнгүүнээр үргэлжилсэн юм.

 


Дараагийн шинэ зууныг эхлүүлж байгаа эмэгтэйчүүдийнхээ энэ том баярт уригдан оролцсондоо баяртай байна. 100 жилийн түүхтэй эмгтэйчүүдийн холбооны 50 жилд нь ажилласан байна. Одоо бодоход амьдралынхаа талаас илүүг энэ холбоонд зарцуулжээ. Түүнийг маань ч үнэлж өнөөдөр тусгайлан хүндэтгэл үзүүлсэнд талархаж байна. Аливаа байгууллагын үйл ажиллагаа залгамж халаатай байх ёстой. Өнгөрснөөсөө сонсож, ирээдүйгээ хэлэлцэнэ гэдэг том ухаан. Сүхбаатар аймгийн эмэгтэйчүүдийн холбоо энэ үүргээ хамгийн сайнаар биелүүлдэг гэж бид дүгнэдэг хэмээн холбооны тэргүүн асан Л.Халтар сэтгэгдлээ хуваалцав.

 

Энэхүү баярт МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл оролцсон бөгөөд түүнийг Сүхбаатар аймгийн хүндэт тэмдгээр шагнасан юм.  

関連ニュース