Барилгын материалын чанар шалгах лабораторитой болох боломж хайж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-16 12:25:28

Баян-Өлгий аймгийн газар зохион байгуулалт, барилга хот байгуулалтын газрын дарга К.Болат уг байгууллагын өмнөх алдаа дутагдлуудыг залруулахаа мэдэгдэв.

-Би энэ ажилд томилогдоод сарын хугацаа болж байна. Юуны өмнө 1960 онд баригдсан албаны байраа шинэчилмээр байна. Өлгий хотод барилга байгууламжнуудыг шахуу шигүү байрлуулсан, зарим иргэдэд илүү газар олгосон, дуудлагын худалдаагаар олговол зохих газрыг үзэмжээр олгосон, нийтийн ногоон хүрэмт талбайг дур мэдэн хувьчилж авсан зэрэг дутагдал маш их байна. Эдгээрийг хуулийн дагуу зохицуулна. Тендерээр гүйцэтгэхээр авсан барилгаа гэрээнд заасан хугацаанд дуусгалгүй дахиад санхүүжилт нэхдэг гэм бий. Тухайлбал хотын төв талбайг тохижуулахаар хэд хэдэн удаа мөнгө авсан дутагдал байдаг. Энэ мэтийн зүй бусын аргыг таслан зогсооно. Барилгын материалын чанарыг шалгах боломжгүй байна. Иймд лабораторитой болох эрэл хийж байна. Сагсай, Алтай сумдын сургуулийн дотуур байр, Өлгий хотын хоёрдугаар бүрэн дунд сургуулийн хичээлийн байр төсвийн хөрөнгөөр баригдаж байгаа тул үйл явцад нь байнгын хяналт тавина гэж тэр ярилаа.

Ш.Айзаря

 

関連ニュース