ТӨВ: “Ураг удам, өв соёл” холбооны орон нутгийн удирдлагууд Төв аймагт чууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВЗуунмод, 2025 оны нэгдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын “Ураг удам, өв соёл” холбооны чуулганыг Төв аймагт зохион байгуулж, тус холбооны 18 аймаг, 9 дүүргийн тэргүүн оролцлоо.
Чуулганаар “Ураг удам, өв соёл” холбооны сүүлийн 5 жилийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаар хэлэлцэн, харилцан туршлага солилцож, чадавхжуулах сургалт зохион байгуулсан.
Угийн бичиг гэдэг нь есөн үеэр шувтардаг ясан төрөл буюу эцгийн талаа бүрэн хөтөлсөн удам угсааны бичиг юм.
Төв аймгийн “Ураг удам, өв соёл” холбооны тэргүүн Ч.Жадамбаас тодруулбал, “Монголчуудын соёлын үнэт өв, бусдаас ялгарах ондоошил бол “Угийн бичиг” буюу хүн өөрийн удам судраа мэдэж, гэр бүлийн түүхээ бичих, түүнийгээ үеэс үед үр хүүхдүүддээ өвлүүлэх их ухаан билээ. Энэхүү өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах үүргийг нэр төртэй гүйцэтгэдэг эрхэм хүмүүс өнөөдөр цугласан байна.
Үйл ажиллагааны хүрээнд “Угийн бичиг”-ээ хөтөлдөг, ургийн номоо хэвлүүлсэн, ургийн шастираа бүтээсэн, ургийнхаа суврагыг босгож, ураг удмын уулзалтаа хийсэн үлгэр жишээ 4 өрхийн “Угийн бичиг”-ийн үзэсгэлэнг дэлгэсэн нь хүрэлцэн ирсэн зочдын сонирхлыг ихээр татаж байна. Энэ дунд Алтан ургийн үр удам Сэрээтэр бэйлийн удмын бичиг орж байна.
Төв аймгийн “Ураг удам, өв соёл” холбооны хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд аймгийн Нийтийн номын сан, музейн хамт олон үр хойчдоо өвлүүлэх үнэт өв болсон “Угийн бичиг”-ээ хөтөлж эхэлсэн үр дүнтэй байна.
“Угийн бичиг”-ээ хөтлөх нь удам угсаагаа цэвэр ариун
байлгах, цус ойртох, Монгол хүний удмын санд сөргөөр нөлөөлөхөөс урьдчилан
сэргийлэх чухал ач холбогдолтой, гэр бүлийн боловсролыг угийн бичгээр дамжуулан
олгох боломжтой” гэв.
Монголын хүн амын нийт 76,8 хувь нь Боржигон овогтой байгаа бөгөөд 11.6 хувь нь цус ойртсон төрөлтөөс үүдэлтэй ургийн гажигтай хүүхдүүд мэндэлсэн тоо мэдээлэл байдаг байна.