ӨМНӨГОВЬ: Говийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлж, чанар хүртээмжийг сайжруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2025 оны нэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын баг орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Байгаль орчин аялал жуулчлалын салбар”-ын төлөөллүүдтэй энэ сарын 24-ний өдөр уулзалт зохион байгууллаа.
Уулзалтад салбарын 70 гаруй хүн оролцож, говийн аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх бодлого, хөтөлбөрийн мэдээллийг тус салбарын төлөөлөлд танилцуулж, иргэд, аж ахуйн нэгжүүдтэй хамтран говь нутгийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэх, чанар хүртээмжийг сайжруулах зэрэгт анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн
Даланзадгад хотод ирж буй гадаад, дотоодын аялагчдад зориулсан үзвэр үйлчилгээ,
ЖДҮ эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээний чанарыг сайжруулж, худалдан
борлуулалтыг нэмэгдүүлэх замаар аялал жуулчлалын салбарын үр өгөөжийг өсгөх
бодлого боловсруулж байгаа талаараа Даланзадгад сумын Засаг дарга Ц.Дэнээдорж онцлон
ярилаа.
Өмнөговь
аймгийн хэмжээнд аялал жуулчлалын чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй
ААНБ байдаг.
Ойролцоогоор
жилд 4000 орчим гадаад, дотоодын жуулчдыг хүлээн авдаг.
Тиймээс аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, говийн онцлог шингэсэн эвент үйл ажиллагаа, үзвэр үйлчилгээг тогтмол зохион байгуулж байх нь говийг зорих жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэдгийг анхаарч ажиллахыг зөвлөлөө.
Харин
аж ахуйн нэгж, иргэдийг аялал жуулчлалаас орлого
олох боломжоор хангах бодлого, төлөвлөгөөг боловсруулан дэмжин ажиллахаа
мэдэгдлээ.