ЕБС-ийн сурагчид мэтгэлцэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1,2,3,4-р БДС болон Мөнххаан сумын ЕБС гээд 10 багийн 30 сурагч мэтгэлцээний тэмцээнд оролцон зохион байгуулагчдын зүгээс өгсөн сэдвийн дагуу өрсөлджээ.
Мэтгэлцээнийг зохион байгуулагчдын нэг болох Отгонтэнгэр их сургуулийн багш нар шүүн явуулсан. Энэ тэмцээнээр дамжуулан сурагчид хэрхэн сэтгэж байна, сэтгэлгээний түвшин ямар байна, мөн багш нар хүүхдүүдээ хэрхэн бэлтгэдэг вэ гэдэг нь маш сайн харагддаг. Энэ удаагийн тэмцээнд нийт 21 аймаг 9 дүүргийн 200 гаруй баг өрсөлдөж байгаа. Үүн дотроо хөдөө орон нутгийн хүүхдүүд маш чадваржиж байгаа нь ажиглагдаж байна. Энэ бол манай мэтгэлцээний тэмцээний том үр дүн юм. Цаашид илүү сайжруулахын тулд энэхүү тэмцээнээ уламжлал болгон зохион байгуулна хэмээн Отгонтэнгэр их сургуулийн багш Б. Мөнхзаяа хэллээ.
Мэтгэлцээнийг орон нутагт Отгонтэнгэр их сургууль, Боловсрол соёлын газран хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Оролцогч багуудаас шалгарсан 2 баг нь Улсын аварга шалгархуулах тэмцээнд оролцох эрхтэй болох юм.
Өсвөр үеийнхний бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, тэднийг нийгэмдээ хувь нэмрээ оруулах идэвхитэй иргэн болгон төлөвшүүлэх, нийгмийн олон талт асуудлыг судалж, танин мэдэх, өөрийн болон бусдын үзэл бодлыг хүндэтгэх, чөлөөтэй, нээлттэй өөрийг илэрхийлэх, хамтын ажиллагаа харилцааны чадварыг хөгжүүлэх, үнэт зүйлтэй хувь хүн төлөвшүүлэх зорилгоор ЕБС-ийн 11-12-р ангийн сурагчдын мэтгэлцээний тэмцээнийг 2 дахь жилдээ зохион байгуулж байна.
Т. Одончимэг