“Мишеле лицейн монгол сурагчид” архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-04-21 14:30:11

Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 21 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНФУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан МУИС-ийн харьяа Монгол судлалын хүрээлэн, МУИС-ийн ШУС болон “Габо паблишинг”-ээс хамтран “Мишеле лицейн монгол сурагчид” сэдэвт архивын баримт, гэрэл зургийн үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.


БНМАУ-ын засгийн бодлогоор дунд сургуулийн боловсролтой 35 хүүхдийг 1926-1930 онд Герман, Францад сургасан бөгөөд тэд хожим нь боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх сэхээтнүүд болсон байдаг.


Ардын Засгийн газрын 1925 оны арваннэгдүгээр сарын 27-нд хуралдсан 42 дугаар хуралдааны шийдвэрийн дагуу Т.Аюурзана, Ж.Дүгэрсүрэн, Л.Намсрай, Л.Уртнасан нарын дөрвөн сурагч 1926 оны долоодугаар сараас эхлэн Франц улсад суралцаж эхэлсэн бөгөөд тэднийг Ардыг Гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхан өөрийн биеэр Парис хотноо хүргэж өгчээ. Мөн оны намар тэдгээр сурагч дээр нэмэгдэн Мэргэн гүн М.Гомбожав, Ц.Бадамжав нар очсон Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” сургуульд суралцсан байна.


Манай сурагч, оюутнууд 1926-1930 онд Францын Парис хотноо Мишеле лицей, Сорбонны их сургууль, “Коллеж дэ Франс” зэрэг сургуульд суралцаж, өрнийн соёлтой танилцаж байхад нь ЗХУ болон Коминтерний шахалтаар сургуулийг нь төгсгөлгүй эргүүлэн татсан түүхтэй.


БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 2019 онд БНФУ-д айлчлахдаа Мишеле лицей ахлах сургуулиар зочилжээ. Энэ нь 1926 онд Эрдэнэбатхан сайд тус сургуульд зочилсноос хойш 93 жилийн дараа Монголын боловсролын салбарын сайд зочилсон тохиолдол болсон байна.


Монгол Улс, БНФУ дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ  онд тохиож буй бол монгол сурагч, оюутнууд Герман, Францад суралцаж эхэлсний 100 жилийн ой ирэх 2026 онд болох юм.


Үзэсгэлэн энэ сарын 21-27-нд “Норфей Арт” галерейд үзэгчдийн хүртээл болно.







 

 

関連ニュース