"Улаанбаатар марафон-2025”-д оролцохоор 2500 гаруй хүн бүртгүүлээд байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтэд оролцогчдыг энэ сарын 1-нээс бүртгэж эхэлснээс хойш 2544 хүн бүртгүүлжээ.
Тодруулбал, зургаан төрөл, зайд 2544 иргэн бүртгүүлснээс 50 гаруй хувь нь таван км-ийн зайд гүйхээр бүртгүүлсэн байна. Таван км-ийн зайд 12-17 нас, 18 наснаас дээш гэсэн хоёр ангиллаар бүртгэдэг. Таван км-ийн зайд 1300, 10, 21 км-т тус бүр 400 хүн гүйхээр бүртгүүлсэн бол 42 км-ийн зайд 101 тамирчин оролцохоо илэрхийлжээ. Харин хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн бүртгүүлээд байна.
Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд 13 мянган хүн албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил энэ тоо хоёр дахин өсөж 30 мянгад хүрсэн юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэдийг https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаяг, “Hipay” аппликейшнээр бүртгэж байна.
Бүртгүүлсэн хүмүүсийн энгэрийн дугаарыг тавдугаар сарын 10-20-нд олгох ажээ.