Дэлхийд вакцин гарахаас өмнө монголчуудын бүтээсэн “вакцин”

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
erdenebat@montsame.mn
2025-04-24 11:36:36

                           -Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног өнөөдрөөс эхэлж байна-


Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/.  Өрнө дахины анагаах ухаанд Английн эмч Эдуард Женнер (1749-1823 он)-ийг халдварт өвчнөөс сэргийлэх идэвхтэй дархлаа тогтоох ерөндгийг бүтээгч гэж үздэг. Тэрбээр үхрийн цэцгийн цэврүүний шингэнээр бодоогоос сэргийлэх аргыг сэдэж, уг бэлдмэлээ латин хэлний “vacca” (үхэр) гэсэн үгнээс гарвалтай “вакцин” (үхэржин) хэмээх шинэ зохиомол нэр томьёогоор тэмдэглэх саналаа 1798 онд англи хэлээр анх бичиж нийтлүүлж байсан байдаг. Гэтэл монгол үндэстэн, гэвш Лувсанчүлтэм “вакцин” боловсруулах аргыг түүнээс 13 жилийн өмнө нийтлүүлсэн төдийгүй, Женнерээс нэг алхам урагш гишгэж, сэргийлэх ерөндөг болгон амьтны бэлэн вирус ашиглах бус, хүний өндөр хоруу чанартай вирусийг номхотгож ашиглах арга сэдэж олсон байдаг. Түүнчлэн Монгол Улс цагаан цэцэг хэмээх аюулт өвчнийг бүрмөсөн устгасан Азийн анхны орон болсныг ДЭМБ тэмдэглэж байв. Энэ тухай Монголын уламжлалт анагаах ухааны академич Ш.Болд ийнхүү өгүүлж байна.


-Уламжлалт анагаах ухаанд халдварт өвчнөөс сэргийлэх, урьчилан сэргийлж дархлаажуулах ямар аргууд хэрэглэж байсан байдаг вэ?


-Халдварт өвчний эсрэг хүний дархлаа сайжруулах вакцин бүтээх талаар их сайн ажилласан байдаг. Цахар гэвш Лувсанчүлтэм “Тэнгэрийн цагаан цэцэг тарих эм найруулах ёс хийгээд татах тэргүүтэн” хэмээх бүтээлдээ бодоо өвчнөөр өвдөгсдийн цэврүүний хатсан тавыг цуглуулан авч дээр нь үхрийн цөсний чулуу (гиваан), зүрхний сайн задь, голын сайн лиш, бөөрний сайн сүгмэл, элэгний сайн гүргэм, уушгины сайн жугам, (зургаан сайн жуган, гүргэм, задь, лиш, сүгмэл, гагол)-ыг зай болгон нэмж улмаар адистид бүхий үрэлтэй хольж найруулан нунтаглан номхотгоод эрүүл хүүхдэд эрэгтэйд зүүн хамрын нүхээр, эмэгтэйд баруун хамрын нүхээр татуулж бодоо өвчинд болгох буюу дархлаа тогтооно гэж тэмдэглэжээ.


Хожим нь энэ аргыг Говь гурван сайхны их маарамба Шарав хэрэглэж олон хүүхдийн амь насыг авран хамгаалжээ. Тэрбээр дөрвөн гэр бариулж оройн гэрт нь өөрөө заларч бодоогийн хальсаар эмээ хийж сайтар нунтаглан цагаан бурхнаар (бодоо өвчний ёгт нэр) “болоогүй” (эрүүл) хүүхдэд сэргийлэх ерөндөг болгон татуулдаг байсан. Мөн эмэгтэй хүүхдийн баруун, эрэгтэй хүүхдийн зүүн хамрын нүхээр татуулаад толгой дээгүүр нь дээл битүү нөмрүүлж зүүн, баруун гэрт аваачиж хэвтүүлнэ.


Цагаан бурхны номхотгох ерөндгийг татсан хүүхдийг гадагш гаргахгүй, гэрийн хаяаг манаж үүдэнд нь нэлбээс (эсгий үүдний гадуур давхарладаг эсгий) хийдэг байжээ. Таваас долоо хоногийн дараа хүүхдүүд бүлээрч ганц хоёр тууралт гарна. Тав тогтмогц маарамба өөрөө үзэж тавнаас нь ховхлон авч дараа жил хэрэглэх ерөндгийн найрлагад оруулахаар авдаг байжээ. Энэ гурван гэрээс нэлээн зайдуу нэг жижгэвтэр гэр барьж хүүхдийн хоол, цайг хийн зөөж өгдөг байсан гэдэг. Бод (цэцэг) өвчинг болгодог ерөндөг гэж монголчууд их сонин хэлж байсан байгаа биз.

 

-Харин таван хошуу малаа ямар өвчнөөс хэрхэн дархлаажуулж байсан байдаг вэ?

-Арвай хээрийн тарган бандида гэж алдаршсан Цэвэлванчигдорж (1836-1894 он)-ийн таван хошуу малын өвчнийг анагаан засах талаар төвөд хэлээр бичсэн 5 бэсрэг судар бий. Эдгээр 5 судраас “Адгуулагч (малчин) тэргүүтэнд тус хүргэх хэрэгтэй үйлийн шалтгаан, малыг хамгаалах аргын зэргээс үхэр хийгээд сарлагийн өвчнийг анагаах үнэний эргүүлэг” сударт үхрийн ёр (үхрийн мялзан) өвчнөөс хэрхэн сэргийлэх аргыг өгүүлсэн байдаг. Түүнийг эдүүгээчлэн тайлбаас ёр өвчин гарсан үед малын “вакцин” хийх аргачлалыг үзүүлсэн байдаг л даа.


-Цахар гэвшийн боловсруулсан цагаан цэцгийн “вакцин”, Цэвэлванчигдоржийн малын ёр өвчнөөс хамгаалж, дархлаажуулах аргуудын гол онцлог юу байсан бэ?


-Гол онцлог нь, салст бүрхүүлийн дархлааг ашиглаж, бодоогийн вирус хүн, амьтны биед нэвтрэн орох гол зам болох хамрын хөндийн салстыг дархлаажуулах талбар болгон сонгосон явдал юм.


Хуучнаар ЗХУ-ын эрдэмтэд, тухайлбал академич А.А.Сморидинцевээр толгойлуулсан Ленинградын судлаачид томуугийн сулруулсан амьд вакциныг хамарт цацах, татуулах аргыг 1938 оноос боловсруулан туршиж, 1970-1980-аад онд өргөн дархлаажуулалтын түвшинд хэрэглэж байсныг эс тооцвол хамарт цацах, татуулах аргаар вакцинжуулах арга одоо ч их өргөн дэлгэр хэрэглэгдэхгүй байгаа юм.


Харин сүүлийн жилүүдэд хамарт цацах, уулгах зэргээр халдвар орох замыг түшин дархлаажуулах нь хэрэглэхэд хялбар, хамгаалах үр дүн сайтай болох талаар ихээхэн бичих болоод байна.


-II дугаар Жавзандамба хутагт Бээжинд очиж Чин улсын хаантай уулзахын тулд 1730 онд цагаан цэцгийн тарилга хийлгэж дархлаажиж байсан нь ямар вакцин байсан тухайд?

-Би сая монголчуудын хийж бүтээснийг дурдлаа. Манжийн хаадууд цагаан цэцэг халдварт өвчнөөс хамгийн их айж байсан. Ийм учраас бод өвчний ерөндөг хүртсэн ноёдыг хүлээн авдаг байсан байна.


Их хүрээнд Эдворд Женирийн Европт бүтээсэн цэцэг өвчний эсрэг вакцин оросын консулаар дамжин орж ирсэн. Түүнийг манай ихэс дээдсүүд хийлгэж байсан. Энэ талын мэдээлэл Их хүрээнд сууж байсан Оросын консулуудын дурдатгалд тэмдэглэсэн байдаг.

 

МОНГОЛ УЛС ЦАГААН ЦЭЦЭГ ӨВЧНИЙГ БҮРЭН УСТГАСАН АЗИЙН АНХНЫ ОРОН

 

-Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанаар дамжиж вакцин манайд орж ирсэн гэж л бид ойлгодог. Гэтэл монгол уламжлалт анагаах ухаанд энэ талын ойлголт мэдлэг нь их нарийн байсан талаар та баримтаар ярилаа. Харин 1923 оноос орчин үеийн шинэ ангаах ухааны аргаар монголчууд өөрсдөө вакцин үйлдвэрлэж эхэлсэн тухайд сонирхолтой баримтуудаас хуваалцана уу?

-Ардын хувьсгал ялсан 1921 оноос хойш манай ард түмнийг эрүүлжүүлэх, ялангуяа халдварт өвчнөөс салгахад орос эмч нар үнэхээр их гавьяа байгуулсан нь үнэн. Эмнэлгийн тусламж тэр дотроо европ эмнэлгийн тусламж үзүүлэх болсон. Хоёр орны хамтын ажиллагааны гэрээний дагуу орос эмч нар ирж ажиллаж байсан. Түүнийг дагаад энэ чиглэлийн эм тариа маш их орж ирж эрүүл мэндийн салбарын өнөөдрийн тогтолцоо бий болсон байдаг.


Монгол Улсын хувьд халдварт өвчнийг устгасан амжилт өнгөрсөн зууны 40-өөд оноос эхэлсэн. Архивын баримт сэлтээс үзвэл БНМАУ-д 1939 онд цагаан цэцэг өвчний сүүлчийн дэгдэлтээр 43 тохиолдол илэрсэн. Ингээд энэ аюулт өвчин манай улсад 1940 оноос эхлээд бүртгэгдэхээ больсон. 1990 онд энэ тэмдэглэлт үйл явдлын 50 жилийнх нь ой болсон.


-Өнөө жил 85 жилийн ой нь тохиож байна. Ер нь Монгол Улс цагаан цэцгийн вакциныг орос мэргэжилтнүүдтэй хамтрахдаа шууд хуулалгүй, өөрсдийн хувилбар гаргаж орчин үеийн хэлээр бол инновац болгоод вакцин үйлдвэрлэж байсан юм билээ?

-Тийм ээ. Цагаан цэцэг өвчнийг дэлхий даяар устгасныг зарласны 10 жилийн ойгоор 1989 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хэвлүүлсэн "Цагаан цэцэг, түүнийг устгасан түүх" хэмээх 1460 хуудас суурь бүтээлээс шүүн үзвэл БНМАУ цагаан цэцэг өвчнийг улс орныхоо хэмжээнд устгаж чадсан Азийн анхны орон юм.


Улаанбаатар хотноо 1932 онд байгуулж, анхных нь захирлаар 1937 оныг хүртэл эрдэмтэн А.Л.Берлин (1903-1939) ажиллаж асан Санбак институтэд 1933 оноос эхлэн Зөвлөлтийн эмч В.С.Башевагийн удирдлагаар цэцгийн вакциныг үйлдвэрлэж, улс орныхоо хэрэгцээг бүрэн хангаж байсан нь Азийн хоцрогдонгуй ядуу орон байсан Монголд долоохон жилийн дотор энэ аюулт өвчнийг устгах бодит нөхцөлийг бүрдүүлсэн юм. Үйлдвэрлэсэн вакциныг хүн амд хүргэх ажлын дийлэнхийг ч тэр үед тус оронд ажиллаж байсан Зөвлөлтийн 400 гаруй их, бага эмч нар хийсэн гэдгийг бид хэзээ ч мартах ёсгүй.


Өргөн вакцинжуулалтын ачаар цагаан цэцэг өвчнийг хяналтдаа авч чадсан нь манай эрүүлийг хамгаалах албаны урьдчилсан сэргийлэх чиглэлийн нэгэн чухал хэсэг болох сэргийлэх тарилгын ажлыг хөгжүүлэх найдвартай үндэслэл болсон юм.

 

-Монгол уламжлалт анагаах ухааны ном судрууд ямар ямар хэлээр бичигдсэн байдаг вэ?  

-Анагаах ухааны ном судрыг ганцхан төвөд хэлнээс орчуулаад, төвөд хэл дээр бичээд байсан юм биш ээ. Эртний орос хэл, манж хэлнээс орчуулсан. Бүр 1332 онд монгол хүн хятад хэл дээр идээ, ундааны жинхэнэ товч гэж гайхамшигтай ном бичсэн байдаг. Мөн хятад хэлнээс орчуулсан номууд байгаа.


Исламын анагаах ухаанд монгол хаад хатдын оруулсан хувь нэмрийн талаар судалгаа хийж байна. Энэ мэт уламжлалт анагаах ухааны эх сурвалж ололт амжилт маш өргөн хүрээтэй болж ирж байна.

関連ニュース