Мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчиллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны дэргэдэх 12 мэргэжлийн салбар зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн, нэг салбар зөвлөлийг шинээр байгууллаа.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, шаардлагатай асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах мэргэжлийн зөвлөл бий. Тэд дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага, шинэ техник, технологийг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхэд мөрдөж ажиллах эмнэлзүйн заавар, стандартыг боловсруулж хэрэгжилтийг хангахад шаардлага тавьж ажилладаг.
Улсын хэмжээнд одоогоор 43 мэргэжлийн салбар зөвлөл 413 гишүүнтэй ажиллаж байна. Энэхүү зөвлөлийн үйл ажиллагааг илүү өргөжүүлэхийн тулд зөвлөлийн гишүүдийг шинэчилж, нэг салбар зөвлөлийг нэмээд байна гэж ЭМЯ мэдээллээ.