Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны дөрөвдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Монголын Эмнести интернэшнлээс Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлыг танилцууллаа.
Тус тайланд Монгол Улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө нухчин дарж, уул уурхайн улмаас үүсэж буй байгаль орчны доройтол, малчдын эрхэд сөргөөр нөлөөлж байна. Мөн тэтгэврийн тогтолцооны шинэчлэл нь зарим ахмадын тэтгэврийн хэмжээг авах ёстойгоос нь бууруулсан гэхчлэн хүний эрхийг зөрчсөн олон асуудал байгааг тэмдэглэжээ.
Монголын Эмнести интернэшнлийн судлаач И.Балжинням ярихдаа, “Тайланд олон нийтийн ял завшуулах, үзэл бодлоо илэрхийлэх,
эрүүл орчинд амьдрах, нийгмийн хамгаалал, орон байртай байх, саатуулагдсан
этгээдийн эрх гэсэн сэдвийг голчилсон. Манай улсад эдгээр эрх ихээхэн зөрчигддөг. Тухайлбал, нийслэлийн түгжрэлийг багасгах, гэр
хорооллыг орон сууцжуулах тухайн хуулийг 2023 онд баталж, 158 га газарт амьдарч
байсан 2 мянга гаруй өрхийг нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ тэдний орон байртай
байх эрхийг зөрчиж, мэдээлэл авах, чөлөөт байдлаар зөвшилцөх, нөхөн олговрыг шударгаар авах эрхийг зөрчсөн. Энэ мэт үндэслэлээр төрийн
байгууллага, бодлого боловсруулагчдад санал, зөвлөмжөө хүргэдэг” хэмээв.
Ташрамд дурдахад, Эмнести Интернэшнл нь 150 гаруй орны 10 сая хүнийг эгнээндээ нэгтгэсэн хүний эрх хамгаалагчдын хөдөлгөөн юм. Монгол Улсад 9 мянга гаруй гишүүн олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хамгаалах чиглэлд ажиллаж байна.