Үлэг гүрвэлийн арьсан цүнхнүүдийг худалдаанд гаргана
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 30 /Daily Mail/. “The Organoid”, “Lab-Grown Leather” компаниудын олон улсын судлаачдын баг “VML” креатив агентлагтай хамтран үлэг гүрвэлийн хиймэл арьс гарган авснаа танилцуулжээ.
Эл технологийн үндэс нь 1998 онд АНУ-ын Монтана муж улсаас олдсон тираннозаврын чулуужсан үлдэгдлээс гарган авсан уургийн фрагмент болжээ. Судлаачид мөхөж үгүй болсон үлэг гүрвэлийн холбогч эдийг ашиглан нийлэгжүүлсэн ДНХ бүхий эсүүдийг үүсгэснийхээ дараа жинхэнэ үлэг гүрвэлийн арьсны шинж чанарыг агуулсан арьсыг ургуулсан байна.
Уг материал нь маш бат бөх удаан эдэлгээтэйгээс гадна бүрэн задардаг ажээ. Шинэ материалаар хийсэн цүнхнүүд энэ онд худалдаанд гарах төлөвтэй байна. Эл судалгааны зорилго бол загварын ертөнцийг гайхшруулаад зогсохгүй шинжлэх ухаан нь энэ салбарын дүрмийг хэрхэн өөрчилж болохыг харуулах явдал юм гэж судлаачдын баг онцолжээ.