Эрхүү хотод “Үндэсний бичиг-Өв соёл" уралдаан болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-05-07 10:07:41

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газраас санаачлан Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан “Үндэсний бичиг-Өв соёл" уралдааныг зохион байгуулж, Монгол Улсын Үндэсний номын сан дэмжиж оролцлоо.


“Үндэсний бичиг-Өв соёл" сэдэвт гурван төрөлт уралдаанд давхардсан тоогоор 110 хүн оролцож, мэдлэг чадвар, ур ухаанаа сорин өрсөлдөж “Мэлмийн хөтөч” академийн багш, каллиграфч Д.Батмөнх бийрийн бичгийн анхан шатны мэдэгдэхүүн олгох сургалт зохион байгуулжээ.


Эрхүү мужийн Буриадын соёлын төвийн дэргэд 2018 оноос хойш “Хараацай” дугуйлан хичээллэж 300 орчим сурагч, оюутан, сонирхогчдод үндэсний монгол бичгийн хичээл, бийрийн бичиг заахаас гадна буриад монгол түмний түүх соёлыг хадгалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа аж.


Тус уралдааныг зохион байгуулахад Боловсролын яам, Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монгол Улсын Үндэсний Номын Сан, Мэдээллийн Монцамэ агентлагийн дэргэдэх “Хүмүүн бичиг” сонины редакц, Монгол бичгийн нийгэмлэг, “Уламжлал” сэтгүүл дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан байна.

 

関連ニュース