Япон Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын нэгдсэн холбоог байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Япон Улсын Токүшима, Тояма, Саппоро дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Каваүчи, К.Фүжишигэ, К.Такэүчи нарыг энэ сарын 16-нд хүлээн авч уулзав.
Сайд Б.Батцэцэг уулзалтаар Монгол Улс, Япон Улсын “хүн”
төвтэй харилцаа, хамтын ажиллагаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх
Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд өргөжин хөгжиж, иргэдийн солилцоо
эрчимтэй өрнөж байгааг тэмдэглээд, найрсаг харилцааны “тулгын чулуу” болсон
иргэд хоорондын солилцоог улам бүр өргөжүүлэх, Консулын тойрогт оршин суугаа
монгол иргэдтэй тогтмол холбоотой ажиллаж, эрх ашгийг нь хамгаалах,
шаардлагатай туслалцаа дэмжлэгийг үзүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахыг
хүсэлт болгов.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын Бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд аймаг, орон нутгийн онцлогт түшиглэсэн брэнд бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтад Японы туршлагаас нэвтрүүлэх, хамтарсан жишиг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг бодит хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаар ярилцав. Өргөмжит консулуудаас хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, соёл урлаг, боловсрол зэрэг салбарт улам бүр өргөжүүлэн тэлэх чиглэлээр анхаарч ажиллахаа нотлов.
Мөн даян дэлхийн энх тайван, сайн сайхан, гэрэлт ирээдүйн төлөө хүүхэд залуучууд дуу хоолойгоо нэгтгэх зорилгоор “Эх дэлхий хүүхдийн тосгон” олон улсын хүүхдийн зусланг Монгол Улсад байгуулж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уг зусланд хүүхэд залуучуудын хамтаар 1 сая гаруй мод тарих, хүүхэд багачуудын бие бялдрын цогц хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол Улс даяар “Тийболл”-ийн спортыг түгээн дэлгэрүүлж, нийт 21 аймгийн хүүхэд багачуудыг хамруулсан биеийн тамир спортын тэмцээн зохион байгуулах зэргээр идэвх зүтгэлтэй ажиллахаа илэрхийлэв.
Уулзалтаар “Япон Улс дахь Монгол Улсын Өргөмжит консулуудын нэгдсэн холбоо”-г байгуулахаар талууд мөн тохиролцлоо. Япон Улсын Нийгата, Фүкүока, Нагоя, Хоккайдо, Токүшима, Тояма, Хирошима мужид Монгол Улсын 7 Өргөмжит консул томилогдон үйл ажиллагаа явуулж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.