Австри: Төвийг сахисан 70 жил - өнгөрсөн ба эдүгээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-05-24 14:19:10

УЛААНБААТАР, 2025 оны тавдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Австри хэмээн дурдахуйд Европын түүх домгийн өлгий нутаг болсон энэ гайхамшигт орноос төрсөн алдартнууд болох хөгжмийн зохиолч В.Моцарт, сэтгэцийн задлан шинжлэлийн онол /психоанализ/-ыг үндэслэгч Зигмунд Фрейд, Холливүүдийн нэрт жүжигчин А.Шварцнеггер нарын нэрс санаанд буудаг.


Харин улс төр сонирхогчид, судлаачдын хувьд, 70 жилийн турш төвийг сахих бодлогыг тууштай баримталсаар ирсэн Австри Улсын гадаад бодлогын хэв шинж илүүтэй сонирхол татна.  


Төвийг сахих тодорхой шалтгаан


Дэлхийн II дайны дараа Гитлерийн эсрэг эвслийн холбоотон гүрнүүд Австрийн нутгийг дөрвөн эзэмшлийн бүсэд хуваан хяналтаа тогтоожээ. Гэвч холбоотнууд тус улсын ирээдүйн хувь заяаг шийдэж чадалгүй бүхэл бүтэн 10 жилийг ардаа үдсэн юм. Ялагч улс бүр Австрийг өөрийн нөлөөний хүрээнд оруулж авах эрмэлзэлтэй байлаа. Тус улс социалист лагерьт нэгдэх үү, эсвэл барууны орнуудын замаар замнах уу гэдэг нь тодорхойгүй байв. 


Долоохон сая хүн амтай, 83 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай жижигхэн улс дөрвөн хэсэгт хуваагдсан нь тусгаар тогтнолоо алдах, эсвэл Герман шиг хоёр салах аюул нүүрлэж байсан тул эл хүнд байдлаас гарч, улс үндэстнийхээ бүрэн эрхт байдлыг сэргээх нь австричуудын хувьд туйлын чухал байлаа. Төвийг сахих нь үндэсний эв нэгдлийг хангаж, болзошгүй хагарлаас сэргийлэх цорын ганц арга зам мөн гэдгийг тэд олж харжээ.


Ингээд одоогоос яг 70 жилийн өмнө буюу 1955 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Вена хот дахь Бельведерийн ордонд ЗХУ, АНУ, Их Британи, Франц ба Австрийн Гадаад хэргийн сайд нар Төрийн гэрээнд гарын үсэг зурснаар төв Европын Австри Улс тусгаар тогтнох эхлэл тавигдсан юм. Гэрээг байгуулсан нь Европ тивд дайны дараах геополитикийн дэг журмыг тогтоох сүүлчийн алхам байв.


Ингээд Австрийн нутгаас холбоотны цэргүүд бүрэн гарсны маргааш өдөр буюу 1955 оны 10 дугаар сарын 26-нд Австрийн Үндэсний Зөвлөл “Төвийг сахих бодлогын тухай Холбооны Үндсэн хууль”-ийг баталснаар тус улсын төвийг сахисан статусыг албан ёсоор тунхаглан зарлажээ.


Төвийг сахих бодлого гэдэг нь тухайн улс орон аливаа дайн зэвсэгт мөргөлдөөн, аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй байж, нутаг дэвсгэртээ гадаадын цэргийн баазыг байрлуулахаас татгалзаж, бусад улстай найрамдалт харилцаа тогтооход чиглэсэн улс төрийн гадаад бодлого явуулахыг илэрхийлсэн нийтлэг ойлголт юм.


Дээрх хуулийн 1 дүгээр зүйлд:

  • Австри улс тусгаар тогтнолоо тунхаглаж, өөрийн газар нутгийн халдашгүй дархан байдлыг хамгаалах зорилгоор, сайн дурын үндсэн дээр, байнга төвийг сахихаа зарлаж байна. Тус улс өөрт байгаа бүх бололцоогоор төвийг сахих статусаа сахин хамгаална.
  • Австри улс төвийг сахих зорилгоо хангахын тулд цаашид аливаа цэргийн эвсэлд нэгдэхгүй бөгөөд газар нутаг дээрээ бусад улсын цэргийн бааз байрлуулахгүй гэж заажээ. 


1955 оны 5 дугаар сарын 15 

Төвийг сахих тухай хуулиа чанд дагаж мөрдсөнөөр Австри Улс гадаад бодлогын томоохон орон зайд маневр хийх боломжтой болов. Ингэхдээ олон жилийн турш байнга төвийг сахисаар ирсэн Швейцарын гадаад бодлогыг гадаад бодлогынхоо чиг баримжаа болгосны сацуу түүнийг яг хуулбарлан дуурайсангүй, өөрийн гэсэн онцлогтой бодлогыг явуулсаар иржээ. Ганцхан жишээ дурдахад, Австри Улс 1955 оны 12 дугаар сард НҮБ-д, 1956 оны дөрөвдүгээр сард Европын Зөвлөлд элссэн бол Швейцар улс одоог хүртэл аль алинд нь элсээгүй байна.

 

Дэлхийн дипломат төв - Вена  


Төвийг сахих бодлогыг тууштай хэрэгжүүлсний дүнд 1970-аад оноос эхлэн Австри Улсын нэр хүнд үлэмж өсөж, улмаар тус улсын нийслэл нь Нью-Йорк, Женевийн дараа НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд төвлөрсөн гурав дахь хот болсноор Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага шилжин ирж байрлажээ. Түүнчлэн Венад Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /OSCE/, Нефть экспортлогч орнуудын байгууллага /OPEC/ болон Европын Холбооны салбар агентлагууд байрладаг.


XX зууны дундаас хойш төвийг сахисан Австри Улс “яриа хэлэлцээний улс” гэх статустай болов. Дэлхий дахин социалист, капиталист гэсэн хоёр нийгмийн тогтолцоонд хуваагдаад байсан “Хүйтэн дайн”-ы он жилүүдэд Австри Улс Өрнөд, Дорнодыг холбох гүүр болж байв.


Австрийн зуучилснаар 1961 оны 6 дугаар сард ЗХУ, АНУ-ын удирдагчид болох Н.Хрущев, Ж.Кеннеди нар Вена хотод анх удаа түүхэн уулзалт хийсэн юм. Мөн Австрийн нийслэлд 1979 оны 6 дугаар сард Ж.Картер, Л.Брежнев нар Стратегийн зэвсэглэлийг хязгаарлах тухай гэрээнд гарын үсэг зуржээ.


Хариуцлагатай бөгөөд прагматик гадаад бодлого явуулж, цэргийн эвсэлд оролцохоос татгалзсан Австри Улсын газар зүйн таатай байрлал, олон улсын чуулга уулзалтуудыг зохион байгуулахад шаардлагатай дэд бүтэц сайтар хөгжсөн нь Вена хотыг “Дэлхийн дипломат төв”  статустай болгожээ.


Ийнхүү Вена нь олон улсын яриа хэлэлцээ хийх, энхийн санаачилгуудыг дэвшүүлэхэд маш чухал талбар болсон юм. Жишээ дурдахад, 1975 онд баталсан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны тухай Хельсинкийн төгсгөлийн баримт бичгийг Финландын нийслэлд баталсан боловч хэлэлцээ бүхэлдээ Вена хотод явагдсан билээ. Түүнээс гадна "Үйл ажиллагааны хамтарсан цогц төлөвлөгөө" буюу Ираны цөмийн хэлэлцээрийг 2015 онд Австрийн нийслэлд байгуулсан юм. Мөн Австрид болж байсан Сирийн хямралыгзохицуулах хэлэлцээг “Венийн үйл явц” гэж нэрлэдэг юм.


Харин 1980-аад оноос эхлэн олон улсад ба Европт үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улс төвийг сахих бодлогоо бусад талтай уялдуулан зохицуулах шаардлага бий болжээ. Энэ нь юуны түрүүнд Австри Улс 1995 онд Европын Холбоонд элссэнтэй холбоотой. Тус холбоо “supranational body” буюу үндэстнийхээс дээгүүр эрх мэдэл бүхий байгууллагуудын тогтолцоонд шилжсэнээр Австрийн парламент болон институтүүд эрх үүргийнхээ зарим хэсгийг Брюссельд шилжүүлэхэд хүрсэн юм. Ингэснээр тодорхой шийдвэрүүдийг гаргахад ЕХ-ны нөлөөлөл тусах нь тодорхой. Тус холбоонд элссэнээр Австри Улс GASP буюу Гадаад бодлого ба аюулгүй байдлын бодлогын нийтлэг зарчмыг хүлээн зөвшөөрснөөр төвийг сахих бодлого нь урьдынхаас арай “бүдгэрсэн” байх талтай. Түүнээс гадна, Австри Улс НАТО-гийн “Энхийн төлөөх түншлэл” хөтөлбөрт оролцох болсноор цаашдаа НАТО-д элсэх магадлал бий болов.


1990-ээд оны сүүлчээс эхлэн Австрийн зарим улстөрчид төвийг сахих бодлогоос татгалзах тухай асуудлыг хөндөн тавих болсноос үүдэн үе үехэн, ялангуяа сонгуулийн өмнө НАТО-д элсэх эсэх  асуудлаарх мэтгэлцээн Австрид өрнөдөг боловч энэ нь төвийг сахих 72 зарчимд харшлах учраас иргэдийн талаас дээш хувь нь иймэрхүү санал санаачилгыг дэмждэггүй ажээ. Төвийг сахих бодлогыг 200 гаруй жилийн турш баримталж ирсэн Швед, дэлхийн II дайнаас хойш төвийг сахигчийн статустай байсан Финланд гэсэн Скандинавын хойгийн хоёр улс НАТО-д элслээ. Харин Төв Европын Австри Улс төвийг сахих статусаа хадгалсаар. Өөрөөр хэлбэл, төвийг сахих гэдэг ойлголт австричуудын үндэсний сэтгэлгээ, ухамсарт гүн суусныг илтгэнэ.  

 

Төвийг сахих бодлогын эдийн засгийн өгөөж


НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын ба Австрийн Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан нэрт улстөрч Курт Вальдхайм өөрийн номд бичихдээ “Австрийн хувьд, олон улсын тавцан дахь байр сууриа тодорхойлохдоо, нэг бол ямар нэгэн эвсэл, гэрээнд нэгдэх эсвэл төвийг сахисан байр суурьтай байх гэсэн хоёр сонголт байсан. Манай улс төвийг сахихаар шийдвэрлэсэн нь зөв байсныг өнөөдөр сэтгэл дүүрэн тэмдэглэн хэлмээр байна. Энэ бодлого улс оронд маань улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийг авчирсан” гэжээ.

                                                                                                                                                                                             Вена хот

 

Үнэхээр ч тийм. “Маршаллын төлөвлөгөө”-ний хүрээнд одоогийн ханшаар 13 тэрбум ам.долларын тусламж авсан Австрийн эдийн засаг богино хугацаанд эрчимтэй сэргэж, хурдацтай хөгжсөн нь тус улсын төвийг сахих байр суурийг улам бэхжүүлэв. Австрийн ДНБ 1955-1974 онд жилд дунджаар 5.4 хувиар өсөж байсан нь тухайн цаг үедээ Европ тивд маш дээгүүр орох үзүүлэлт юм. 1974 онд нэг хүнд ногдох орлогын хэмжээ Европын дунджаас давж, Австри Улс дэлхийн хамгийн баян чинээлэг орнуудын нэг болжээ.


Маш нухацтай боловсруулсан бодлого явуулсны үр дүнд Австри Улс төвийг сахих бодлого, геополитикийн давуу байдал, газар зүйн нэн ашигтай байрлал, ачаа тээврийн дамжин өнгөрүүлэх чадавхаа бүрэн дүүрэн ашиглаж чаджээ. 



К.Вальдхаймын хэлснээр, Австрийн аж үйлдвэрийн олон салбар уламжлал ёсоор ЗХУ болон Дорнод Европын орнуудын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлсээр ирсэн тул төвийг сахих бодлогын ачаар социалист орнуудтай тогтоосон худалдаа-эдийн засгийн харилцаа улам өргөжив. 1968 онд ЗХУ хийн хоолойгоор Австрид хий нийлүүлж эхэлжээ.


Өнөөдрийн геополитикийн эгзэгтэй нөхцөл байдалд ч гэсэн Австри Улс ОХУ-аас хий худалдан авсаар байгаа төдийгүй Унгар, Герман, Итали, Словени зэрэг улсад хийг хуваарилан түгээдэг ложистикийн төв хэвээр байна.


Нөгөөтээгүүр, төвийг сахих, эвсэлд үл нэгдэх бодлого баримталсан нь Австрид эдийн засгийн багагүй хэмнэлтийг авчирчээ. Учир нь, асар өндөр өртөгтэй НАТО-гийн цэргийн ажиллагаа, хээрийн сургуулилалтуудад оролцдоггүй тул төсвийн мөнгө их хэмжээгээр хэмнэгддэг. Одоогоор Австрийн батлан хамгаалахын зардал ДНБ-ий 0.6 хувьтай байгаа бөгөөд хэрвээ НАТО-д элссэн бол энэ үзүүлэлт 2 хувьд хүрэх байлаа.


Энэ мэтчилэн төвийг сахих бодлого нь улс төр, нийгэм-эдийн засгийн салбарт үр өгөөжөө өгсөн боловч Австри Улс тодорхой бэрхшээлүүдтэй тулгарсаар иржээ. К.Вальдхаймын номоос дахин эшлэхэд,Төвийг сахисан улсын бодлого нь эвсэлд нэгдсэн улсын бодлоготой харьцуулахад илүү их сорилт бэрхшээлтэй тулгардаг. Эвслийн гишүүн улс нь эвслийнхээ хүрээнд асуудлыг зөвшилцдөг /ялангуяа онц чухал шийдвэрүүдийг гаргахдаа/ бол төвийг сахисан улс зөвхөн өөртөө найдахаас аргагүйд хүрдэг”.


Гэсэн хэдий ч Европын төвд орших энэ орон өөрийн улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлыг төвийг сахих гадаад бодлогоороо бэхжүүлэн хамгаалаад зогсохгүй НҮБ болон бусад олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж олон талт яриа хэлэлцээний индэр болж ирснээрээ дэлхийн улс орнуудын хооронд итгэлцэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд онцгой хүчин чармайлт гаргаж, хүн төрөлхтний сайн сайхны төлөө бодит хувь нэмэр оруулсаар байна. 





 

関連ニュース