БАЙР СУУРЬ: Монгол Улс, НҮБ-ын харилцаан дахь манай улсад үзүүлсэн өгөөж
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 23 /МОНЦАМЭ/. Монгол Улс 8 удаа өргөдөл гаргаж, 15 жилийн дараа буюу 1961 оны аравдугаар сарын 27-нд НҮБ-ын өндөр босгыг алхсан түүхтэй. Тус түүхэн үйл явдлын хүрээнд Монгол Улс, НҮБ-ын харилцаанаас манай улсад бий болсон давуу тал, боломж, ач холбогдлыг судлаачид хэрхэн үнэлж дүгнэж буй нэгтгэн, тэдний байр суурийг хүргэж байна.
ХИС-ийн олон улсын харилцааны ахлах багш, доктор /Ph.D./ П.Мягмардорж:
Монгол Улс 90 гаруй тогтоолын төслийг санаачлан батлуулсан
Дэлхийн II дайны төгсгөлд АНУ-ын Сан Франциско хотноо болсон Нэгдсэн Үндэстний бага хурлын үр дүнд нийт хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий хүн төрөлхтний дундын механизм болох НҮБ байгуулагдсан. 1945 оны аравдугаар сарын 24-нд хүчин төгөлдөр болсон НҮБ-ын дүрмийн I зүйлд уг байгууллагын зорилгыг олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах; улс орнуудын найрсаг харилцааг хамтын ажиллагааг хэрэгжүүлэх, эдгээр нийтлэг зорилгыг хэрэгжүүлэхийн тулд улс орнуудын үйл ажиллагааг уялдуулах хэмээн тодорхойлсон.
Дээрх зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй НҮБ-ын үйл ажиллагаанаас их гүрнүүд бус харин жижиг, бага буурай улсууд илүүтэй үр ашгийг нь хүртдэг талаар судлаачдын дүгнэлт түгээмэл байдаг. НҮБ нь хамтын аюулгүй байдлын зарчим, олон улсын эрх зүйн хэм хэмжээ, Жижиг улсуудын форум, Дэлхийн засаглалын бүлэг зэрэг олон талт хамтын ажиллагааны платформоороо дамжуулан жижиг улсуудад аюулгүй байдлаа хангах, ашиг сонирхлоо хамгаалах, дэлхийн засаглалд дуу хоолойгоо хүргэх боломжийг олгодог.
Хүчний төвүүдийн хуваагдал тодоор илэрч, олон улсын харилцааны системийн ирээдүй бүрхэг болж буй энэ цаг үед олон улсын дэг журмыг хадгалах, олон улсын эрх зүйн нийтлэг хэм хэмжээг сахиулах, жижиг, бага буурай улсын ашиг сонирхлыг хамгаалах үүргийг гүйцэтгэх чадвартай олон талт хамтын ажиллагааны томоохон механизм бол яах аргагүй НҮБ юм. Тийм учир энэ жилийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулган “Хамтдаа хүчтэй: Энх тайван, хөгжил, хүний эрхийн төлөөх 80 жил болон цаашдын ирээдүй” сэдвийн дор зохион байгуулагдсан биз ээ.
НҮБ-ын үндсэн чиг үүрэг, гарч буй тогтоол шийдвэр нь жижиг улсын оршин тогтнол, хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлдэг тул манай улс ч НҮБ-тай харилцах харилцаанд онцгой анхаардаг. 1961 оны аравдугаар сарын 27-нд манай улс НҮБ-ын 101 дэх гишүүн орон болж, ингэснээр Монгол Улсын тусгаар тогтнол нийтээр хүлээн зөвшөөрөгдөн баталгаажсан түүхтэй. Энэ цагаас хойш НҮБ-ын зорилго, зарчмыг тууштай дэмжин ажиллаж, үйл ажиллагаанд нь манай улс өөрийн гэсэн хувь нэмрээ оруулан идэвхтэй хамтран ажилласаар ирсэн. Олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, зэвсэглэлийг хорогдуулах, хүний эрхийг дэмжих, ардчилал, сайн засаглалыг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чиглэлээр нийтдээ 90 гаруй тогтоолын төслийг Монгол Улс санаачлан батлуулсан байдаг.
Өнөөдрийн байдлаар манай улсаас “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай”, “Хөдөөгийн охид, эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах тухай”, “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай”, “Бичиг үсгийн боловсролын тухай”, “Ардчиллын боловсролын тухай” зэрэг 5 тогтоолыг санаачлан, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 2 жил тутамд хэлэлцүүлэн батлуулаад байна. Эдгээрийн зэрэгцээ 2026 оныг “Бэлчээр болон нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарлах санаачилгыг дэвшүүлж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн Бүгд хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан бол НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы 2025 оны зургаадугаар сарын 3-ны өдрийн Бүгд хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Дэлхийн адууны өдрийн тухай” тогтоолыг батлуулсан нь манай улсын олон талт дипломат ажиллагааны томоохон амжилтуудын нэг болсон юм.
Монгол Улс болон НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагаа нь НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа, жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн улс төрийн түвшний шийдвэр гаргалтын оролцоо, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, далайд гарцгүй хөгжиж буй улс орнуудын эрх ашгийг хамгаалах зэрэг чиглэлээр амжилттай хөгжиж байна. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 2025 оны илтгэлд дурдсанаар, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт 66.7 хувьтай байгаа нь дэлхий дахины дундаж үзүүлэлт болох 17 хувиас даруй 4 дахин өндөр үзүүлэлт болоод байна.
Энх тайван, аюулгүй байдал, нийгэм эдийн засаг, уур амьсгалын өөрчлөлт, хүний эрхийн чиглэлээр гаргаж буй санал санаачилгууд, НҮБ-ын хүрээнд батлуулсан тогтоолын төслүүд, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд нь манай улсын олон талт дипломат ажиллагааны ололт амжилт төдийгүй олон улсын тавцан дээрх байр суурь, нэр хүндийн илэрхийлэл юм. Хамгийн чухал нь Монгол Улсын НҮБ-ын хүрээн дэх идэвхтэй дипломат ажиллагаа нь манай улсын үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, тусгаар тогтнолын томоохон баталгаа болж байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш 2022 онд Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс хэмээн зарласнаар цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх, зэвсэг хураах бодлого баримталж буйгаа олон улсын хамтын нийгэмлэгт батлан харуулсныг тэмдэглээд, “Монгол Улс бол энх тайвны бэлгэ тэмдэг болсон улс юм” хэмээн онцолсон удаатай. Тэрбээр цааш нь НҮБ-ын үйл ажиллагаанд чухал хувь нэмэр оруулж буй “эрхэм түнш” орон хэмээн тэмдэглэсэн юм.
Эцэст нь дүгнэхэд, Монгол Улс НҮБ-ын харилцаа хамтын ажиллагаа нэгэн жарныг дамнан амжилттай хэрэгжиж байна. 1911 оноос эхтэй бусад улсаар хүлээн зөвшөөрүүлэхэд чиглэсэн ахмад үеийнхний эмхэлж эхлүүлсэн гадаад бодлогын алтан аргамжийг дунд үеийн дипломатууд амжилттай гүйцэлдүүлэн, 1961 онд НҮБ-д гишүүнээр элсүүлсэн төдийгүй Монгол Улсын тусгаар тогтнолыг олон улсын хамтын нийгэмлэгийн хүрээнд хүлээн зөвшөөрүүлж чадсан. Тэгвэл ахмад болон дунд үеийн улс төр, дипломатын зүтгэлтнүүдийн эхлүүлсэн энэхүү үйл хэргийг орчин цагийн төлөөлөл ч амжилттай түүчээлэн олон талт хамтын нийгэмлэг дэх Монгол Улсын байр суурийг баталгаажуулан, нэр хүндийг өндөрт өргөсөөр явна.
МУИС-ийн ахлах багш
Д.Оюунсүрэн:
Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэнээр тусгаар тогтнолоо бүрэн дүүрэн баталгаажуулсан
Монгол Улс НҮБ-д 1961 онд элссэнээр тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа олон улсын эрх зүйгээр бүрэн дүүрэн баталгаажуулж чадсан юм. НҮБ-ын бүх гишүүн улс орон, тэр дундаа өрнөдийн улс орнууд Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, дипломат харилцаа тогтоох, хамтын ажиллагаа хөгжүүлэх суурийг тавьсан. 2021 онд Тринидад ба Тобаго Улстай дипломат харилцаа тогтоосноор Монгол Улс НҮБ-ын гишүүн 192 улстай албан ёсоор дипломат харилцаатай болсон юм. НҮБ-ын хүрээнд улс орныхоо аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хийсэн бас нэг чухал алхам бол 1992 онд Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат Ерөнхий Ассамблейн индэрээс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарласан явдал юм.
Хорин жилийн уйгагүй хүчин чармайлтын дүнд 2012 онд манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, цөмийн зэвсэгтэй 5 гүрнээр цөмийн зэвсгээс ангид статусаа хүлээн зөвшөөрүүлж, улс төрийн баталгаа гаргуулж чадсан. Өөрөөр хэлбэл, цөмийн зэвсэгтэй гүрнүүд Монгол Улсын нутаг дэвсгэрт цөмийн зэвсэг байршуулах, дамжин өнгөрүүлэхгүй байх баталгаа өгсөн юм.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс НҮБ-ын системийн байгууллагуудтай маш олон салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Саяхны жишээ гэхэд, "КОВИД-19" цар тахлын үед ДЭМБ манай улсыг вакцинаар хангах, цор тахлыг хохирол багатай даван туулахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага буюу ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад морин хуур, уртын дуу, хөөмий, бий биелгээ, шагайн харваа, нүүдлийн зан үйл зэрэг уламжлалт өв соёлоо бүртгүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлж, хойч үедээ өвлүүлэх, судлан сурталчлахад дэмжлэг авах боломжтой болсон.
Дэлхийн банк 1990 оноос хойш 800 сая гаруй ам.долларын хөгжлийн санхүүжилт олгосон гэх мэт өөр олон жишээг дурдаж болно. Өөр нэг дурдах ёстой зүйл бол, манай улсын 20 мянга гаруй энхийг сахиулагч 2002 оноос хойш НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж, энх тайвныг сахин хамгаалах үйлст өөрсдийн хувь нэмрийг оруулаад байна. Энхийг сахиулах ажиллагаанд оролцох нь Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, энх тайванч гадаад бодлогын бас нэг илэрхийлэл болж, дэлхийн тавцанд манай улсын нэр хүндийг өргөдөг. Түүнчлэн цэргийн алба хаагчид маань орчин үеийн зэвсэг техниктэй ажиллах мэдлэг туршлага хуримтуулахын зэрэгцээ ар гэрийн амьдралдаа ч тус нэмэр болсоор байна.
Олон улс судлалын хүрээлэнгийн зөвлөх, доктор, профессор Л.Хайсандай:
Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд маш өөдрөг ирээдүй бий
Олон улсын хамтын нийгэмлэг манай улсыг өөрийн тэгш эрхт
түншээ болгосноор Монгол орон НҮБ-ын системийн байгууллагуудад нэгдэн орох,
хамтран ажиллах, тэдгээрийн тусламж дэмжлэгийг хүлээн авах өргөн боломжтой болсон
юм.
1990-ээд оны эхээр социалист систем, түүний дотор ЗХУ задран
унаж, улмаар Монголд үзүүлж байсан тусламж, татаас зогссон нь Монголын эдийн
засагт хүнд цохилт болсон. Тэр амаргүй үед НҮБ, түүний системийн байгууллагууд,
ялангуяа Хөгжлийн хөтөлбөр, Монголыг дэмжигч хандивлагчдыг бүлгийг үүсгэн бүрэлдүүлэхэд
голлох үүрэг гүйцэтгэсэн нь манай улс орныг гүнзгий хямралаас аварч, тогтвортой
хөгжлийн замд оруулах чухал хүчин зүйлийн эхлэлийг тавьсан юм.
Эдийн засаг, улс төрийн өөрчлөлт шинэчлэлтийг нэгэн зэрэг
хийж эхэлсэн Монгол Улсын зориг эрмэлзлийг НҮБ, түүний системийн байгууллагууд
тийнхүү халуунаар дэмжин, бүхий л бололцооны хэрээр тусламж дэмжлэгээ үзүүлэх
болсон. Тэдэн дотроос тухайлан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Хүн амын сан, Хүүхдийн
сан гурвыг онцгойлон дурдаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр 1973
оноос хойш манай ард түмэнд тэгш эрхтэй, тогтвортой хөгжлийн үндэс суурийг бүрдүүлэхэд
туслах үйл ажиллагааг явуулах болсон. Өөрөөр хэлбэл, тус байгууллага нь Монгол
Улсад үзүүлдэг тусламжийн хувь хэмжээгээрээ НҮБ-ын системийн байгууллагууд дотроо
тэргүүлэх байр суурь эзэлдэг гэсэн үг юм. Нэг жишээ дурдахад, Монгол Улс, НҮБ-ын
Хөгжлийн хөтөлбөрийн хамтын ажиллагааны 2002-2006 оны хөтөлбөрийн хүрээнд тус
байгууллага 29.1 сая ам.долларын дэмжлэг туслалцаа үзүүлжээ.
Түүнчлэн НҮБ-ын хөтөлбөр, сангуудаас гадна төрөлжсөн байгууллага болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Олон улсын цөмийн энергийн агентлаг, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага, НҮБ-ын Байгаль орчны сан, Дэлхийн цаг уурын байгууллага зэрэг олон байгууллагын шугамаар өнгөрсөн хугацаанд үлэмж хэмжээний буцалтгүй тусламжийг бид авч ашигласан байна. Ингэснээр өнгөрсөн хугацаанд Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаа цар хүрээ, төрөл зүйл, хэлбэр агуулгын байнга өргөжин тэлж ирсэн. Үүний зэрэгцээ хүн ардын аж амьдралын түвшин ямар нэг байдлаар дээшилж, иргэдийн оюун санаа болон мэдлэг мэргэжлийн хувьд өсөж сайжирсан зэрэг ололт амжилт, үр ашгийг давхар дурдах нь зүйн хэрэг юм.
Цаашид НҮБ, түүний системийн байгууллагуудаас Монголд үзүүлж байгаа хөгжлийн тусламжийн хүрээний төрөл чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн төрөл зүйл, агуулга хэлбэрийг улам боловсронгуй болгох, тэдгээрийн үр өгөөжийг арвижуулах зүйн ёсны шаардлага амьдралаас урган гарч байгааг бид дор бүрнээ бодолцох хэрэгтэй. Энэ талаар Монголын талын байгууллагуудын зориг эрмэлзлийг дээшлүүлж, үйл ажиллагааг нь зангидан нэгтгэх, хамтын ажиллагаандаа шинэ дэвшилтэт арга барилыг нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь эргээд НҮБ-ын ажил үйлсэд Монголын талын оруулах зохих хувь нэмэр байх болно. Чингэхлээр Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагаанд маш өөдрөг ирээдүй бий.