ДОРНОГОВЬ: Ерөнхий боловсролын сургуулийг 765 сурагч төгслөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-05-30 11:51:10

Сайншанд, 2025 оны тавдугаар сарын 30/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн  V, IX, XII ангиа төгсөж буй сурагчид төгсөлтийн баяраа тэмдэглэлээ.


Тавдугаар ангиа төгсөж буй хүүхдүүд дунд ангид дэвшин суралцах бол есдүгээр ангиа төгсөгчид үргэлжлүүлээд 10 дугаар ангидаа элсэн суралцахаас гадна Политехник коллеж болон мэргэжлийн сургалтын төвд элсэн суралцах сонголт хийдэг.


Харин 12 дугаар ангиа төгсөж буй хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой.


Энэ жил аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийг 27 бүлгийн 765 суралцагч төгсөж байгаа бөгөөд үүнээс 661 суралцагч элсэлтийн шалгалт өгөх юм.


Харин өнгөрсөн жил 713 суралцагч төгсөж байсан бол энэ жил 52 хүүхдээр нэмэгдсэн байна.


Сурагчдын хонхны баярын үеэр хичээл, сурлага, спорт, урлагт амжилт гаргасан хүүхдүүдийг сургуулийн захиргаанаас шагнаж урамшуулсан  бол эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хонхны баярт оролцож баяр хүргэн амжилт хүссэн юм.





関連ニュース